Та бидний хэрэглэдэг түүхий нүүрснээс олон төрлийн хорт хий, тоосонцор, хүнд металлууд ялгарч байдаг. Тэр дундаа уушгийг хамгийн ихээр гэмтээдэг PM2.5 тоосонцор хамгийн ихээр ялгардаг байна.

Нийслэлийн нийт өрхийн 57.9 хувь буюу 204161 өрх гэр хороололд амьдардаг гэсэн тоон мэдээлэл бий. Эдгээр өрх өвлийн улиралд түүхий нүүрс хэрэглэдэг. Ингснээр агаарын бохирдол нэмэгдэж, тоосонцорын хэмжээ өссөнөөр амьгүй ураг төрөх, иргэд халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл хамгийн ихээр тулгардаг аж. Тэр дундаа уушигны үрэвсэл, багтраа, амьсгалын замын халдвар, ханиалга сүүлийн үед эрс нэмэгдсэн.

Түүнчлэн орчны бохирдол нь хүний сэтгэн бодох чадвар буурах, төв мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна. Улмаар харвалт, зүрхний шигдээс, амьгүй ураг төрөх, зулбалтын суурь шалтгаан болоод байгаа юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар энэ жилээс эхлэн түүхий нүүрсний хэрэглээг халаад буй. Оронд нь шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувь буруулна хэмээн тооцоолж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сарын 26-ны өдрийг "Орчны эрүүл мэндийн өдөр" болгон зарласан байдаг. Энэ жилийн хувьд эл өдрийг "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нь дэлхийн орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг мөн" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Агаарын бохирдлоос үүсэх өвчлөлүүд, уур амьсгалын өөрчлөлт хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар НЭМҮТ-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Орчны эрүүл мэндийн өдөр”-ийн хүрээнд түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах гэнэ. Хүний биед хэрхэн нөлөөлж, ямар хор уршиг учруулах талаар шторк бэлтгэсэн бөгөөд өрхийн эмнэлгүүдийн үүдэнд байрлах телевизүүдээр цацах талаар тус төвийн дэд дарга Г.Цагаанхүү онцолсон. Гол нь агаарын бохирдлыг бууруулахад иргэний бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Агаарын бохирдлоос үүсэх өвчлөлүүд, уур амьсгалын өөрчлөлт хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар НЭМҮТ-ийн Хотжилт хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Д.Золзаяагаас тодрууллаа.

-Өвөл болохоор утааны асуудал хүн бүрийн амны уншлага болдог. Гэтэл тоосонцорлоос үүдэлтэй агаарын бохирдол зун ч байдаг төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг шүү дээ?

-Зөвхөн өвөл агаарын бохирдолтой байгаа мэтээр иргэд ойлгох нь түгээмэл. Гэтэл зуны улирал нарийн ширхэгт тоосонцор агаарт дэгдэж, мөн л бохирдол үүсгэж байдаг. Улмаар амьсгалын замаар дамжин уушгинд хүрч, төв мэдрэлийн тогтолцоо тархи болон үрэвсэлт өвчнийг үүсгэдэг. Мөн жирэмсэн болох хөхүүл эмэгтэйчүүдэд тун эрсдэлтэй байдлыг бий болгодог.

-Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувь нь түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэт ялгарал гэж үздэг. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хүн ам, экосистем, хүнс хоол тэжээл зэрэгт аль хэдийн нөлөөлөөд эхэлчихсэн. Иймд байгаль орчныг хамгаалах, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах талаар цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, түлшний боловсруулалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай. Нийслэлийн хатуу хог хаягдлын 46.8 хувь нь түүхий нүүрсний үнс. Түүхий нүүрсний үнсэнд эрүүл мэндэд хортой нэгдлүүд болох хүнд металь, Нg, цацраг идэвхт бодис агуулагдаж байдаг.

-Түүхий нүүрсний үнс бөөр, шээсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж та өмнө нь хэлсэн?

-Түүхий нүүрсний үнс, тоосонцор нь амьсгалын болон бөөр шээсний замын өвчлөлийг үүсгэдэг. Ер нь амьсгалын замын өвчлөлийн 52.9 хувь, уушиг зүрхний хавсарсан өвчний шалтгаант нас баралтын 28.8 хувь нь түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй. Мөн хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24.1 хувь, зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушигны хавдрын 39.9 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй байна.

-Нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь ч мөн агаарын бохирдол. Тийм байх аа?

-Нийслэлийн хүн амын нас баралтын шалтгааны 9.2 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй. Мөн амьсгалын замын өвчлөлүүд, уушги, зүрхний хавсарсан өвчин, зүрх судасны өвчлөл, тархины цус харвалт, харшил гээд олон төрлийн өвчлөлүүд сүүлийн жилүүдэд ихэсч байна.

-Сүүлийн үед амьгүй ураг төрөх явдал эрс нэмэгдсэн. Шалтгаан нь өнөөх агаарын бохирдол?

-Жирэмсэн эхчүүдэд ургийн хэвийн өсөлт алдагдах, дутуу төрөлт, зулбалт, бага жинтэй төрөх зэргээр нөлөөлж байна. Харин бага насны хүүхдүүдэд төв мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, цаашид оюуны чадамж нь буурч улмаар сурлагын амжилтанд нөлөөлөх, уушгины архаг үрэвсэл харшилтай болгож байна. Иймээс эцэг эхчүүд хүйтний улирал эхэлж байгаа энэ цаг мөчид өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ дархлааг сайжруулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна.

-Орчны бохирдлоос иргэд өөрсдийгөө болон үр, хүүхдээ хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Засгийн газраас 2018 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 62 дугаар тогтоолоор гаргасан 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг сайн дагаж мөрдөх хэрэгтэй. Агаарын бохирдлоос үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврын талаар мэдлэг мэдээлэлтэй байж, түүнчлэн гэр хороололд амьдарч буй иргэд гэр орноо сайтар дулаалж чийгтэй цэвэрлэгээг байнга хийгээрэй. Мөн агаар цэвэршүүлэгч ургамлыг тарьж агаар шүүгчийг гэртээ байлгах хэрэгтэй. Түүхий нүүрснээс татгалзаарай л гэж зөвлөх байна даа.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин