Монголын оюутан залууст их дээд сургуулийн боловсролыг чанартай, хүртээмжтэй, эрх тэгш олгох зорилгоор Боловсролын зээлийн сангаас оюутны хөгжлийн зээлийг олгож байна. Энэхүү зээлд хүсэлт гаргасан хэн боловч хамрагдах боломжтой. Хүүгүй, барьцаагүй зээл юм. Энэ жил уг зээлийн санд 33 тэрбум төгрөг төсөвлөж, 11 мянган оюутныг хамруулахаар болжээ. Шинээр 14 мянган оюутан сургуульд элсэж байгаа гээд бодохоор бараг бүгдээрээ хамрагдах боломж байгаа юм. Хамгийн гол нь Элсэлтийн ерөнхий оноо /ЭЕШ/ 600-аас дээш байна. Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргал ярихдаа: “Оюутнууд аав ээжээ зовоож, сургалтын төлбөр нэхдэг цаг өнгөрсөн. Оюутны зээлийн ач холбогдол бол эцэг, эхийн ачааг хөнгөлж, оюутнуудыг хариуцлагатай болгох юм. Тухайн их, дээд сургуульд суралцагч өөрөө зээл авахын тулд маш сайн дүнтэй суралцах ёстой. Төгсөөд ажилд орж зээлээ төлнө. Ингэхээр оюутан хүн хариуцлагатай, бие даасан, санхүүгийн төлөвлөгөөтэй болно гэсэн үг. Голч оноо хангахаас гадна эссэ бичихдээ ирээдүйн төлөвлөгөө, зорилгоо тусгана. Ямар нэгэн барьцаа, хүү шаардахгүй учраас ээж аавынхаа цалин, тэтгэврийн зээл авах шаардлагагүй” гэсэн юм

Оюутны хөгжлийн зээл даатгалтай. Эрсдэлгүй байх үүднээс өнгөрсөн жилээс даатгалд хамруулж эхэлжээ. Зээлд хоёр сая төгрөг авлаа гэхэд нэг хувь буюу 20 мянган төгрөгийг оюутан даатгалд төлөөд явна. Тухайн зээлдэгч ямар нэгэн шалтгаанаар төлөх боломжгүй боллоо гэхэд даатгалын компани хариуцаж төлөх юм байна.

Зээлийн нөхцөл: Тухайн оюутны жилийн төлбөрийг хоёр удаа хувааж олгоно. Төлбөрийн хэмжээ харгалзахгүй. Уг зээлийг сургуулиа төгссөнөөс хойш зургаан жил хүртэлх хугацаанд эргэн төлнө.

Зээлд хамрагдах шалгуур:

  • Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх
  • Боловсролын нэгдсэн санд бүртгэлтэй байх
  • Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх
  • Дүнгийн хувьд баклаврын түвшний элсэгч ЭЕШ оноо 600-аас дээш, харин оюутан 2,8-аас дээш голч оноотой байна. Магистр, докторт суралцах бол голч оноо 3,2-оос дээш байна.

Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримт бүрдүүлнэ

  • Зээл хүссэн өргөдөл
  • Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар
  • Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл /эх хуулбар/
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх баримт
  • Тухайн улиралд сонгосон хичээлийг баталгаажуулах баримт
  • Ирээдүйн зорилгыг тодорхойлох эссэ

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин