2019 оны 05 сарын 07-ны өдөр ”Майдар” эко хотын дэргэд “Монголын үндэсний кино үйлдвэр”-ийн шав тавих ёслол боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монгол Улсад урилгаар ирээд байгаа Холливудын нэр хүндтэй мэргэжилтнүүд, Монголын кино урлагийн алдартнууд, олон нийтийн төлөөлөгчид оролцлоо.

Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах гэж байна. “Монголын үндэсний кино үйлдвэр” уг цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болно гэж үзэж байна.

Уг цогцолборт дуу оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэнэ. Мөн гадна зураг авалтын талбай болон дотор студид талбайд ашиглах бүх төрлийн хэрэгслийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх юм.

Кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авалт хийх боломжтой, байгалийн өвөрмөц төрх бүхий олон сонирхолтой газруудтай, жилийн 300 орчим өдөр нартай байдаг тул байгалийн энэ давуу талыг зураг авалтуудад ашиглах боломжтой, мэдлэг, боловсролтой ажиллах хүчнээр хангагдах боломжтой зэрэг давуу талтайг төслийг санаачлагчид онцолж байна.

Тус төсөл нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, олон улсын стандартад хүрсэн боловсруулалтуудыг хийдэг болох, Монголын уламжлалт болон орчин үеийн дүр төрх бүхий кино зураг авах нөхцлийг бүрдүүлэх, кино бүтээхээс гадна жуулчдын сонирхлыг татах онцлог газар бий болгох зорилготой ажээ.

Кино студийг байгуулснаар Монгол улсад орчин үеийн тоног төхөөрөмж, технологи дээр ажиллаж чаддаг туршлагатай ажиллагсад бий болж, Монголын кино урлагийн бүтээлүүд экспортын шинэ бүтээгдэхүүн болохын дээр Монгол улсын уламжлалт соёл иргэншил, байгаль орчин, хөгжлийн талаар дэлхий нийтэд танилцуулах боломж нээгдэх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин