Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй 3 дахь жилдээ зангиагүй уулзлаа. Уг уулзалтаар 2018 онд хийсэн онцлох ажлууд, санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүжүүлсэн төслүүдийн үр өгөөж, хийгдэж буй хяналт, шалгалт, 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД

МУХБ нь 2018 оны үйл ажиллагаандаа KPMG олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэсэн бөгөөд 2018 оны жилийн эцсийн байдлаар актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна. Тайлант хугацаанд тус банк 18 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллажээ.

Тус банк нь “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”, Монгол Улсын Засгийн Газрын Дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байна.УИХ-ын 2017 оны 2 сарын 10-ны өдрийн чуулганаар батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу МУХБ-нд төрийн зохицуулагч байгууллагуудын болоод бие даан хэрэгжүүлэх хяналт, шалгалтын тогтолцоо бүрдсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд МУХБ-ны үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалтууд тавигдаж байгаа бөгөөд уг хязгаарлалтууд бол төрийн зохицуулагч байгууллагуудаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүдийг тайлант хугацаа бүрт хангаж ажиллаж байна.

Өнгөрсөн онд МУХБ нь өрийн удирдлагыг зохион байгуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн Газрын баталгаагүй үнэт цаас арилжаалж, 500 сая ам.долларын эх үүсвэр бүрдүүлсэн нь Санхүүгийн шилдэг хэлцэл, Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарав.

Үүнээс гадна Засгийн Газрын баталгаагүй эх үүсвэр татан төвлөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Тайвань, АНУ, Польш, ОХУ-ын санхүүгийн байгууллагуудаас 300 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох бэлтгэл ажил хангагдаад байна.

Бонд арилжаалж үүсвэр бүрдүүлэн улсын валютын нөөцийг нэмэгдүүлсэн, гадаад төлбөр тооцоог саадгүй хийх боломж бүрдүүлсэн, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн амжилттайгаар МУХБ 2019 оны үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зээлийн үлдэгдлийн салбараар нь ангилбал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1 их наяд 139 тэрбум төгрөг, барилгын салбарт 688 тэрбум төгрөг, дамжуулан зээл буюу арилжааны банкуудаар дамжуулан нийт 483 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 232 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 138 тэрбум төгрөг, агаарын тээвэрт 42 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйд 41 тэрбум төгрөг, бусад салбарт 39 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар хийгдэж буй санхүүгийн нийцлийн аудитаас гадна Монголбанк, Үндэсний аудитын газар, Татварын ерөнхий Газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас 2015 – 2018 онд шалгалт орсноос гадна тус хуулийн дагуу Засгийн газар 2 жил тутам шалгалт хийж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд МУХБ-нд жилд дундажаар 3 - 4 байгууллагын шалгалтын үйл ажиллагаа явагдсан байна. Мөн санхүүгийн тайлан, зохистой харьцааны гүйцэтгэлийг сар бүр Монголбанк, Сангийн яаманд хүргүүлж байна.

Түүнчлэн Сангийн яам, Дэлхийн банктай байгуулсан Мастер гэрээний дагуу 2012-2017 оны үйл ажиллагаанд PwC аудитын байгууллагаар иж бүрэн шинжилгээ хийлгэж, тайланг олон нийтэд мэдээлээд байна. Энэ нь МУЗГ, ОУСВ-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн төдийгүй үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлаа олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар үнэлүүлсэн үйл явдал болсон.

ээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүллээ.

Хугацаа хэтэрсэн12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий 3 зээл дээр шүүхийн шийдвэр МУХБ-ны талд эцэслэн гарсан. МУХБ-ны хариуцагчаар оролцсон 4 хэрэг дээр шийдвэр гарч учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна.

Эрэл, Хөтөл, QSC, ТОСК болон Капитал банк гэх мэт 2016 оноос өмнө зээл олгосон 5 - 6 төслийн эргэн төлөлтөд хүндрэл учирч МУХБ-ны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаад онцгой анхаарч олгосон зээлийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна.

САНХҮҮЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД

Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн Газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллалаа. Томоохон төсөл хөтөлбөрүүдээс дурьдвал:

1. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд МУХБ-наас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна.

2. ТЭЦ 4 - ийн турбоагрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, 8 жил хүртэлх хугацаагаар олгоно. Өнгөрсөн онд эхний ээлжинд ОХУ-ын Внешэконом банкнаас 25 сая ам долларыг үе шаттайгаар авч санхүүжүүлж байна.

3. Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн талбай, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барих ажлууд МУХБ-ны санхүүжилтээр хийгдэнэ. Тус ажлын санхүүжилт 250 хүртэл тэрбум төгрөг бөгөөд одоогийн байдлаар олгосон санхүүжилт 61.8 тэрбум төгрөг, дэд бүтцийн ажлыг 2019 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөсөн.

4. “Ди Би Эм лизинг” ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 769 техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн 250 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.

5. Гэр хорооллын дахин төлөвлөлт: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор ТОСК ТӨҮГ-ын захиалгаар баригдаж буй Буянт-Ухаа 2 хорооллын 18 барилга болон Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь орон сууцны дуусаагүй барилгуудыг МУХБ-ны санхүүжилтээр барьж, дуусгахаар шийдвэрлэсэн. ТОСК ТӨҮГ-ын өмчлөлийн дуусаагүй 29 барилгын 1562 айлын орон сууцыг МУХБ-ны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон шилжүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Ирэх 5 сард 972 айлын орон сууц ашиглалтад орно. Тус барилгуудыг ашиглалтад ормогц 100% Түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ.

Цаашид зөрчил үүссэн төслүүдэд шат дараатай арга хэмжээ авч зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад анхааран ажиллана. Мөн үйл ажиллагаандаа ISO олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин