ӨНДӨР ЗАЯАТАЙ ӨМНӨГОВЬЧУУД

Өмнөговь аймаг нь 165.400 км² талбайг хамрах бөгөөд бүхэл бүтэн өндөр хөгжилт өмнөд Солонгос улсаас ч том. Бүр саяхан манай улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойгоо тэмдэглэсэн Ватикан улсаас 376.000 дахин том газар нутагтай дэлхийд цор ганц аймаг бол Өмнөговь. Одоогоос 5 жилийн өмнө энэ аймгийн талаас илүү нь буюу 92.882 км² талбай нь хайгуулын лицензтэй гэдгийг зарлаж байв. Ганцхан лицензийг нь Хятадруу барьцаанд тавьж зээл авсан Оюуны Ундраа группийнхэн Зайсан толгойн арын бэлд алга эргүүлэхийн зуур нүсэр бүтээн байгуулалт хийлээ. Энэ бол Өмнөговийн баялгийн хүчний өчүүхнээс өчүүхэн жишээ. Өмнөговь бол дэлхийд цор ганц баян аймаг бөгөөд Өмнөговьчууд нь энэ их баялгийн эзэн болж төрсөн өндөр заяатай ард түмэн.


ЗАЯАГҮЙ ӨМНӨГОВЬЧУУД

Гэхдээ бөмбөрцөг дэлхийн өөр хаана ч байхгүй баян аймгийн харъяат ард нь өөрсдөө эд баялгийнхаа эзэн нь биш тавилантай. Гадаадын, дотоодын хөрөнгөтнүүдийн мэдлийнх болсон баялгийнхаа цалингүй манаач мэт хувь заяанд үлдсэн ард түмэн бол Өмнөговьчууд.

Нэгдэлдээ ноосоо тушаачихаад нэхий дээлээ хяргаж алгын чинээ эсгийтэй болох мэт бас ч хоосонгүй ээ тэд. Жижиг таван толгой гэх уурхайн 51% нь орон нутгийн эзэмшил буюу Өмнөговьчуудынх болсон юм. Өнөө цагт өрцөө сийчүүлж өлссөн Монголын өлийг дарж байгаа байгалийн элемент их ч гэлээ хэмжээтэй. Ухаж, уудалж дуусах үед хамгийн том газар нутагтай аймгийг овоолсон шороо, тоосон дунд хэнд ч тоогдохооргүй цөлөрч үлдэх гарцаагүй тавилан хүлээж буй. Тун удахгүй төрийн өмчит Эрдэнэс таван толгой ХК-ийн олон улсын хөрөнгийн бирж дээр зарах 30%-ийн хагас баяжуулан экспортлох нүүрсийг угаахын тулд сүүлчийн судсаа ханаад усны нөөц ч үгүй үлдэх аймаг. Өөрөө өмд ч үгүй үлдээд өрөөл бусдын өвдөг цоорхойг нөхөж оёдог зовлонт ижий тавилантай заяагүй ардууд.


ӨМНӨГОВИЙГ ӨМНӨГОВЬЧУУД ӨӨРДСӨӨ ХӨГЖҮҮЛНЭ

Айлын хүүхдүүд авахыгаа аваад одно. Алт эрдэнэс нь говийн тоос мэт хаашаа юм замхарна. Өмнөговьчууд харин өвгөдийн нутгаа шархан дээр нь сахиад үлдэнэ. Харин тэр цагт энэ аймаг юутай үлдэхийгээ өнөөдөр бүтээх ёстой юм. Тиймээс хамгийн том аймаг хэнд ч хэрэггүй цөлөрч үлдэхийн өмнө энэ нутгийг өнөөдөр хөгжүүлэх ганц хөшүүрэг нь жижиг таван толгой уурхайн 51% болсон билээ.

Өнгөрсөн онд л гэхэд зөв менежмент хийснээр 147 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар нутаг орныхоо хөгжилд үнэ цэнэтэй хувь нэмэр болоод зогсохгүй, улсынхаа төсөвт бодитойгоор нэмэр болсоор яваа юм.

Гэвч Монгол Ардын Нам төрийн эрхэнд сандайлах бүртээ Орон нутгийн Таван Толгойн уурхайгийн Өмнөговийн 51%-ийг авах гэж оролддог нь үйл явдалуудаар нотлогдоно. Энэ удаад тус аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энхболдын баадууг чангалан орилуулсан 268 мянган тонн нүүрсний хулгай гэх өндөр сенсацитай, ойлгомж муутай зураглал нь мөн л МАН, тэр дундаа М.Энхболдын захиалга гэдэг нь үнэний ортой таамаг. Ямартаа ч санаархагчдын бүлэглэл МАНАН дунд цөөвөрүүд шиг сахьсаар.


ТЭДНИЙ ӨМЧИЙГ ТӨРД АВБАЛ ЯАХ ВЭ?

Санаархагчдын бүлэглэлийн гол арга нь энэ жижиг таван толгой уурхайн орон нутгийн 51%-ийг төрд авах нэрийдлээр ашиг хонжоо хийх гол зорилготой. Өнөөдөр төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд нь хамгийн муу менежменттэй мөртлөө хамгийн өндөр худалдан авалтуудыг хийдэг, өр таригчууд бөгөөд улсын төсвийг хайр гамгүй цөлмөгчдийн зугаат бай болсон билээ. Хэрвээ жижиг таван толгойн 51%-ийг Өмнөговьчуудаас төр булаагаад авчихвал:

  • Сонгуулиас сонгуулийн хооронд савлагч өрний уурхай болно
  • Эрх мэдэлтнүүдийн шахааны бизнес, хэсэг бүлэглэлийн л мөнгөний уурхай болно
  • Орон нутгийнхан шахагдаж, үлдсэн баялгийн үнэ офшорт гарна

Ямартаа ч Монгол Ардын Нам төрд авах эхний алхам буюу Нүүрсний хулгай гэх популизмын аргаар уурхайн ажлыг гацаагаад байгаа.


ӨМЧӨӨ ӨӨРСДӨӨ МЭДЭХГҮЙ БОЛТОЛОО ДӨЖИРСӨН
ӨМНӨГОВЬЧУУДАД НУУЖ ХҮРГЭХ ҮГ

Тэр Уурхайн 51% М.Энхболд, Л.Энхболд нарынх биш.
Ардчилсан намын хөрөнгөтөн Ажнай Д.Бат-Эрдэнийнх ч биш.
Тэгж ярьвал та нар төрд өгөхийгөө өгсөн болохоор төрийнх ч бас биш.
НААД УУРХАЙН ЧИНЬ 51% БОЛ ТА НАРЫНХ!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин