“ТАВАНТОЛГОЙ”-Н СҮҮДЭР
Наймдугаар сарын сүүл. Үзэл бодлоо төдийлөн ил илэрхийлээд байдаггүй гишүүдийн нэг Л.Энхболд орон нутгийн өмчит “Тавантолгой” компани “Эрдэнэс-Тавантолгой”-н ашиглалтын талбайгаас 268.3 мянган тонн нүүрс алдагдсан талаарх мэдээллийг гаргав. Удахгүй олон улсын зах зээлд гарах хүлээлттэй, жилийн дараа иргэдэд ногдол ашгаа хүртээх сурагтай, 1072 хувьцааг амь оруулах тогтоолтой энэ компанийн талбайгаар хяналтгүй алдагдсан энэ хэрэг хуурай өвсөнд авалцсан гал мэт хурдан тархав. Чухам Тавантолгойд юу болоод өнгөрөв өө...


ТҮҮХИЙН СҮҮДЭР

Түүхийн шарласан хуудсыг 52 удаа эргүүлж 1966 онд очъё. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 124 тоот тогтоолоор Тавантолгойн ордыг улсын өмчид авч үйлдвэрийн аргаар ашиглахаар шийдвэрлэжээ. Үүнээс 12 жилийн дараа ЗХУ, Польш улстай хамтран хайгуулын судалгааг эхлүүлжээ. 1985 он гэхэд жилд 120 гаруй мянган тоон нүүрс олборлож эхэлсэн юм. Үүнээс хойш энэ л жишгээр 1997 оныг хүртэл амжилттай ажиллаж байлаа. Гэвч 1997 онд Ашиглалтын лицензийн хуульд өөрчлөлт орж нэг га талбайгаас 10 ам.доллар авахаар болов. Тухайн үед “Тавантолгой” компанит тийм их хэмжээний мөнгө байсангүй. Учир нь 11 350 га талбайтай тус компани 113 500 мянган доллар байгаагүй юм.

Нэгэнт мөнгөө төлөөгүй учраас улс мэдэлдээ буцаан авахаар болжээ.
“Тухайн үед дансанд байсан мөнгөө шавхаад өгөхөд бидэнд 169 га талбайг өгсөн. Улсад авснаас хойш хоёр хоногийн дараа ерөнхийдөө BHP Billiton компанийн мэдэлд орсон байсан нь тохиолдлын зүйл биш. Улмаар 2010 онд “Монгол” консорциум эргүүлэн авлаа гэж баахан шоу хийгээд одоо энэ “Эрдэнэс-Тавантолгой” байгуулагдсан юм шүү дээ” гэж Тавантолгой компанийн Гүйцэтгэх захирал асан Р.Зоригтбаатар ярьсан юм.

Төдийгөөс өдий хүртэл явж ирсэн Тавантолгой компани тухайн үед дансандаа байсан мөнгөө шавхаад авч үлдсэн талбай нь 169 га. Байгаа нөөц бололцоондоо тулгуурлаад өдийг хүртэл ажилласаар ирсэн. Тус компани түүхэндээ анх удаа 2011 онд зургаан сая.тонн нүүрс экспортолж Монгол Улсын нүүрсний экспортын 30 хувийг дангаараа борлуулсан түүхтэй.


ҮНЭНИЙ СҮҮДЭР
Одоо бодит байдал дээр чухам юу болж байгааг сонирхъё. 169 га талбайг уул уурхайн хуваалтаар яг төгс хуваагаад, хил тогтоогоод ухах ямар ч боломжгүй. Хөрс хуулалтын ямар ч аргаар бялуу хувааж байгаа мэт хэн, хэндээ хал балгүй ухах боломжгүй. Хэрвээ та бүхэн мэдэх бол орон нутгийн өмчит “Тавантолгой” компани “Эрдэнэс-Тавантолгой”-н ашиглалтын талбайн яг голд байгаа. Уул уурхайн ямар ч компани хөрсийг үечилж хуулдаг. Үечилж явсаар байгаад тухайн орд, нөөцдөө хүрдэг. Тэр нь одоо үүсээд байгаа хэрүүлийн үндсийн үндэс юм.

“Ямар ч компани нүүрсийг шууд доороос аваад гаргаж ирдэггүй. Үечилж ухаж байж гаргаж ирдэг” гэж Геологийн сайд асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Хурц ярьж байв.


Өнгөрсөн 2017 онд орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн удирдлагууд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагатай уулзан хил гаалиа тогтоож, нүүрсний орд нь чухам аль компанийнх болохыг тогтооё гэхэд ямар нэгэн шийдтэй алхам хийгээгүй байна.
“Хил орчмын нүүрсийг авахын тулд заавал нөгөө талын хөрс рүү орно. Хөрсийг хуулах замд нь тухайн компанийн нүүрс мэдээж орж таарна. Уул уурхайн үйл ажиллагаа ингэж л явж байгаа. Одоо алдартай болоод байгаа 268 тонн нүүрс ихэвчлэн ийм л нүүрс юм. Мэдээж нүүрсийг доороос нь дээш шууд гаргаж ирэхгүй. Асуудал ердөө л энэ” гэж “Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Р.Зоригтбаатар ярьсан юм.

Ийм хэмжилтийг жил бүр хийдэг. Тавантолгой компани мэргэжлийн маркшейдэрүүдээр уул уурхайн хэмжилтийг хийдэг ажээ. Хэрэв Тавантолгойн ордыг 100 жилийн нөөцтэй гэж тооцвол ийм хэрүүл жил бүр гарах болж байгаа хэрэг. Асуудлыг одоогоор шалгаж байгаа гэх боловч “Тавантолгой” компанийг нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй, үйл ажиллагааг нь зогсоох хууль, эрх зүйн үндэслэлтэй шаардлага хүргүүлээгүй, аудитын болон бусад шалгалтын мэдээг “Тавантолгой”-д мэдүүлээгүй гэх зөрчилтэй зүйлс илэрсэн байна.
Жич: Компанийн үйл ажиллагааг зургадугаар сараас хойш хоёр сарын хугацаанд зогсоосноос шалтгаалан борлуулалтын төлөвлөгөө тасалдах нь тодорхой болжээ. Хэрэв тус компани дээрх хугацаанд хэвийн ажиллаж байсан бол

• нэг сая тонн нүүрс олборлон борлуулж,
• 108.8 тэрбум төгрөгийн орлоготой,
• 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж,
• 36 орчим тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэх боломжтой байжээ.


Эрдэнэс Таван Толгой ХК-ны Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн байр суурь


ПОПУЛИЗМИЙН СҮҮДЭР
2018 оны наймдугаар сарын 30. УИХ-ын гишүүн Л.Энхболд Төрийн ордноос ард түмний өмчийг хяналтгүй тонон дээрэмдэж байгаа тухай “ноцтой” мэдээлэл дэлгэв. Хөрөнгө оруулагч, ард иргэдийн хүлээлтийн дор байгаа компаниас 268.3 мянган тонн нүүрс алдагдсан тухай.

“Би таван сарын өмнө энэ асуудлыг мэдээд холбогдох байгууллагуудад үнэн эсэхийг тогтоогооч гэдэг асуудлыг хөндөн тавьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл ахицтай зүйл хийгээгүй учраас мэдээлж байна... Намайг энэ хэргийг анх мэдээлсний дараа хоёр компани ажиллаад тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс гарсан гэх дүн гаргасан. Харин МХЕГ-аас хийсэн шалгалтын дүнгээс харахад “Эрдэнэс-Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 340 мянган тонн нүүрс алдагджээ гэж тогтоосон...” гэж УИХ-ын Л.Энхболд ярьж байлаа.

 Аль ч улс оронд стратегийн гэх тодотголтой томоохон орд популизмын сүүдэрт өртсөөр ирсэн. Популизм яван явсаар яг л Венесуэль шиг бүгдийг нийгэмчлэх гэж улайрч эхэлнэ. Венесуэлийн төрийн өмчит Газрын тос, байгалийн хийн компани 1986 онд АНУ-ын “Ситго” болон “Соутленд Корпораци”-тай хамтран эзэмших гэрээ байгуулж, 1990-ээд оны эхээр хувь нийлүүлсэн компани болгохоор тохиролцож байлаа. Тухайн үед ашигт ажиллагаа, ажилчдын тоогоороо бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлж байсан том компани. Гэвч Уго Чавезын тэргүүлсэн Боливарын хөдөлгөөн ашигтай компаниа нүд үзүүрлэж эхлэв. Улс эх орныхоо газрын тосыг гадаад руу юүлж байгаа гэж дайрч эхлэв. Боливарын хөдөлгөөн уухай хадаан, ув улаан өнгө Венесуэлийг нөмөрсөн 2002 онд энэ компани 100 хувь төрийн мэдэлд ирэв. Тэр тус Венесуэлийн ЗХЖШ-ын даргын мэдэлд ирсэн билээ. Одоо Венесуэльд яг юу болж байгааг та мэдэж байгаа байх. (АДИЛ СЦЕНАРЬ)

“Би бол улс төрчид төрийн мэдэлд авах гээд улайрч байгаа л гэж харж байгаа. 2008 онд яг ийм үйл явдал болж байсан. Ардчилсан намын гишүүд сонгуульд дэвшихдээ “Нутгийн хишиг” 500 мянган төгрөг тараана гэж амлаж байсан удаатай. Тухайн уед МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын хэдэн хүмүүс улсад авах ёстой гэж дайрч байлаа. 2010 онд мөн л ялгаагүй. Одоо энэ Л.Энхболд гишүүний яриад байгаа ч ялгаагүй. АН, МАН ялгаагүй бүгд шүлсээ үсчүүлээд дайрдаг. Ер нь энэ байдлаа болих ёстой. Өмнөговийг ганц авч яваа нь ердөө Тавантолгойн уурхай”...

гэж нутгийн иргэн С.Баатархүү ярьсаныг тодотгоё.

Орон нутгийн өмчит уул уурхайн цорын ганц компани болох
“Тавантолгой”-н тавилан нэг ийм.
АН-аас МАН-ын хооронд
яг теннисний бөмбөг мэт шидэгдсээр өнөөг хүрчээ.

Улс, орон нутагт хамгийн их татвар төлсөн, ногдол ашиг тараасан байгууллага 1998 оноос хойш таван удаа популизмын бараан сүүдэрт даруулсаар өмнөх их түүх тоосонд дарагдан үлджээ. Үүх түүхийг нь харвал нэгэн цул байсан энэ бүлэг ордыг одоо талцуулан нэг нь олон улсад гарах хүлээлттэй, нөгөө нь улсаас ирэх дарамт, популизмын бараан сүүдрээс гарах хүсэлтэй өдийг хүрээд байна. Нутгийн иргэдтэй уулзахад тэд одоо юу хэлэхийг хүсч байгаа гээч.

"Нүүрсний хулгай" гэхийн цаана "Уурхайн хулгай" явж байгаа юм биш биз.

Өмнөговийн өмчийг хуулийн аргаар битгий дээрэмдээч

гэж...

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [202.179.30.194]   9-р сарын 26, 2018
Umnugoviin umchiig huuliin argaad bitgii deeremdeech gedeg n yu gj bgan,....? ajnai baterdene nuursee hulgailaad bai l gesen ug uu..?
Зочин
Зочин    [66.181.161.88]   9-р сарын 26, 2018
Hahahah eleg avah yuma argagui tataruudin yvuulgaar tatarchuud bichsen boltoi shuu. Ugaasa naad uurhai hamag sainiig ni tatar Ajnai hustsan todorhoi l garsan bleshde
Зочин
Зочин    [202.131.249.122]   9-р сарын 27, 2018
Попын хаан учрыг нь ойлгохгүй попорчихсон чинь энэ нь зүгээр технологийн явцад гарсан зайлшгүй шаардлагаар 2 тал тохиролцоод болсон зүйл байна
Зочин
Зочин    [64.119.18.228]   9-р сарын 27, 2018
Tegeeeeeel gegeen tsagaan udruur tiim ih nuurs shaachdag yumuu? Esvel priusiin toli shaaj bgaa yum shig shunu duluur hustsiimuu ha ha ha
Зочин