ЭРЭГТЭЙ ОХИН” гэх өвөрмөц нэртэй дэлгэцийн уран бүтээл нээлтээ хийгээд 10 гаруй хонож байна. Нэрнээсээ эхлээд сонирхол татсан уг киног үзсэн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцая.

Хамгийн арын суудлын тасалбар хэдэн ширхэг үлдсэнийг нөхдийн хамт аваад орлоо. Кино танхим дүүрэн үзэгчидтэй байсан нь магадгүй өнөөх өвөрмөц нэрнээс болсон биз.

Эхлэл хэсэг буюу эхний 20 минутанд “Орхидос” киног санагдуулам хурц үйл явдлууд өрнөж, сэтгэл хөндүүрлэн суулаа. Үзэгчид нүдэндээ нулимстай харагдана. Харин киноны өрнөл хэсэг маш хөгжилтэй, инээд бэлэглэсэн агшнаар солигдож үзэгчдийн сэтгэлийг маш хурдан сэргээв. Тэдний зүрхэнд баяр хөөр, уйтгар гуниг ээлжилж байгааг харахад киноны уран бүтээлчид маш их хичээл зүтгэл гарган, чадварлаг ажиллажээ. Кино дуусах мөчид үзэгчид алга ташин босч байсан нь тус бүтээлийг үнэлэх үнэлэмж ямар байгаа нь тодорхой харагдаж байлаа.

“ЭРЭГТЭЙ ОХИН” кино нь эмэгтэй хүний үнэ цэнэ, нийгэмд эзлэх байр суурь, хүний мөн чанарыг хөнгөхөн хөгжилтэй ч бас сэтгэл эмзэглүүлэх торгон мэдрэмжүүдтэй хамт харуулж өгсөн бүтээл болжээ. Анх нийгмийн цөөнхийн тухай гэсэн бодол тээж явсан миний хувьд өнөөгийн нийгмийн амьдрал, залуусын харилцааг мөн хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайр сэтгэлийг элдэв маяггүй яг байгаагаар нь үзүүлж чадсан кино байлаа.

Урлаг нь хүнийг хүмүүжүүлж, хүнд эерэгээр нөлөөлдөг гэдэг. Тус киног үзсэн хүн бүхэнд нэгийг бодогдуулж, мөн дээр нь эрч хүч өгсөн гэдэгт итгэлтэй байна. Энгийн хэрнээ сэтгэлд хүрсэн ийм сайхан бүтээлээс олж авсан бодлоо тээсээр би театраас гарч явлаа.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин