Орос Монгол хоёр улс бол эртнээс хамааралтай эв нэгдлийн бат холбоогоор гагнагдсан ах, дүү улс билээ. Хамгийн наад зах нь хорьдугаар зууны гашуун үйл явдал дэлхийн ll-р дайн, Монгол улс тусгаар тогтнох үндэслэл Ардын Хувьсгалын ялалт, Манжийн дарлалаас гарсан түүхэн он жилүүд гээд хоёр улс нэгнийхээ зовлонг хамт түшилцэж, тусалж ирсэн болохоор Монголын ард түмний сэтгэлд хамгийн ойр дотно байдаг хүн бол Орос хүн юм. Энэ дэлхий нарны аймагтаа эргэж л байгаа цагт бөмбөрцгийн энгэр дээр Монголчууд агуу Орос гүрэнтэй хөтлөлцөн орших мөнхийн хөршүүд.

Харамсалтай нь Оросуудыг дээдлэн хүндэлдэг Монголчууд сүүлийн үед Орос хүмүүст дургүйцлээ илэрхийлэх хандлага олон нийтийн сүлжээгээр идэвхитэй өрнөж байна. Энэ учрыг хөвөрдөж үзвэл ганцхан шалтгаантай.

Жуковын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийж байна

ЗСБНХУ задарч, улмаар бид Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш “Госзагрансобственнось” төлөөлөгчийн газар болон Орос эзэнтэй Влатас ХХК-иуд Монгол улсын хууль дүрмийг уландаа гишгэж, олон Монгол иргэдийн үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтой зөрчсөөр байгаа юм.

1971 оны Засгийн газрын хуучин тогтоолоор ЗХУ-аас Монголд байршиж байсан мэргэжилтнүүдийн байшин барилгуудыг зах зээлийн нийгэмд шилжсэний дараа дээрх Орос байгууллагууд эзэрхийлж эцэс сүүлдээ түрээсийн төлбөр төлөн амьдардаг айлуудыг харанхуй шөнөөр хаалга үүдийг нь эвдлэн , гаднаас нь хаалгыг нь гагнах, тог цахилгааны төхөөрөмжийг нь устган таслах гэх мэт сэтгэл сэрдхийж цочмоор үйлдэлүүдийг гаргаж байгаа тухай мэдээлэл элбэг дуулдах болов.


Оросын талд түрээс төлөн амьдардаг Монгол айлууд энэ хугацаанд 7.720.464.000 төгрөгийн түрээс төлсөн гэсэн тоо баримт байдаг. Харин хоёр улсын гэрээний нөхцлийг зөрчин, Монгол улсын хуулийг зөрчин байж бизнесийн үйл ажиллагаа болгон хувиргасан ч тухайн орлогоосоо Монгол улсад татвар төлдөггүй болох нь ил болжээ. Харин Орос улсдаа ямар татвар төлдөгийг мэдэх боломжгүй. Энэхүү бизнесээс гадна Эрхүүгийн амралтын төвийг ажиллуулахдаа садар самуунтай тэмцэх хуулийг ноцтойгоор зөрчдөг гэх, мөн хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр нь хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн мэдээлэл ч компаний ажилчдынх нь дундаас гарах болов.

Эсэргүүцлийн суулт 10 гаруй хоног үргэлжилж байна

Ямартаа ч эх орондоо мөртлөө гадаадын иргэдэд дарамтлуулж орон гэрээсээ хөөгдөн хүнд нөхцөлд амьдарч буй оршин суугчид хаврын салхитай зэврүүн өдрүүдээр үр хүүхдээ тэврэн Жуковын талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийж байгаа.

Хэдийгээр дээрх ёс бус үйлдэлүүдийг хийж байгаа хүмүүс цөөхөн хэдэн Орос хүн боловч Оросууд гэж нийтэд нь хамаатуулан иргэдээ өмөөрөх Монголчууд нэмэгдсээр байгаа нь хоёр улсын сэвтэшгүй найрамдалт харилцаанд цөв суух вий гэсэн айдас өөрийн эрхгүй төрнө.


Оршин суугчид эцсээ хүртэл тэмцэнэ... гэв

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин