Та бүхЭН ХЭЗЭЭНИЙГ ХҮРТЭЛ ТЭМЦЭЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ВЭ, тэмцэл үр дүнд хүрч байна уу? Шийдвэр гаргах хүмүүстэй уулзаж байгаа юу?

Төр засаг шийдвэрлэж өгөх ёстой асуудлаа шийдвэрлэж өгөхгүй, анхаарахгүй, эсвэл шударга бус шийдвэр гаргаад байвал л тэмцлийн хэлбэрт шилжин дуу хоолойгоо илэрхийлдэг. ОХУ-ын гэгдэх орон сууцанд амьдардаг иргэд бидэнд ч ийм асуудал тулгарсан учраас энэ хаврын хахирган хүйтэн өдрүүдэд эрүүл мэндээ золиослон гадаа 10 гаруй хоног зогсож байна. Мэдээж дуу хоолой маань Төр засгийн удирдагуудад тодорхой хэмжээгээр хүрч байна. Эхнээсээ зарим нэг уулзалт болж, зарим нэг албан тушаалтнууд ирж уулзаж бидний үгийг сонсч эхэллээ.

Яг ямар хүмүүс анхаарч уулзсан бэ?

МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Уянга бидний төлөөллийг авч уулзлаа. Тэнд тамгын газрын ажилтнуудаасаа бүрдсэн ажлын хэсэг байгуулж, эдгээр байрны асуудлыг хэрхэн шийдэх шийдэл олох бодит ажил хийхээр болсон байна. Үүнд бид их баярлаж талархаж байна.

Бас нийслэлд манай БЗД-ээс гарсан төлөөлөгч Баярмөнх, БЗД-ийн ИХ-ын төлөөлөгч Батбаатар нар бидэнтэй зорьж ирж уулзан. Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийх ажлыг зохион байгуулж өглөө.

Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооныхон жагсаал хийж байна

Эдгээр уулзалтууд ямар нэгэн шийдэл, үр дүнд хүрч чадаж байна уу?

Уулзалтын үр дүнд ямарч байсан Нийслэлийн харъяа цахилгаан, ус хангагч байгууллагуудад хандан чиглэл өгч айл өрхүүдийг тоолууржуулах, иргэний тарифаар тооцон төлбөрийг өрхүүд өөрсдөө төлөх боломжийг хангаж өгөх асуудлыг шийдэхээр боллоо. Энэ асуудлаар бид бас давхар хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Ямартаа ч одоо иргэдийн талд шийдэгдэх байх гэсэн найдлагатай боллоо.

Харин манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Саранчимэг болон Төрийн өмчийн бодлого зохицуулах хорооны холбогдох хүмүүс уулзна гэчихээд чимээгүй л байна.

Одоо энэ Орос компаниуд түрээслэх эрхгүй гэдгийг та бүхэн яг ямар үндэслэлээр гаргаж байгаа билээ?

Уг нь бидний ойлгосноор социалист нийгэм өөрчлөгдөөд 28 жил болсон. Гэтэл арай хэтэрхий олон жил үеэ өнгөрөөсөн 1971 онд БНМАУ-ЗСБНХУ-ын ЗГ хооронд байгуулсан гэх хурлын тэмдэглэл өнөөг хүртэл хүчингүй болоогүй тэрний хар сүүдэр иргэдийг дарамжтлах боломжийг Оросуудад олгосоор байгаа нь харамсалтай.

Ардчилсан шинэ үндсэн хууль 1992 онд батлагдсанаар энэ дээрх хурлын тэмдэглэл хүчингүй болох ёстой боловч Манай төр Засгийн газар ГХЯ ажлаа хийгээгүй эсвэл хийхийг хүсээгүйн улмаас өнөөдрийн энэ асуудал гарч байна.


өмнө нь шүүхийн шийдвэр гарч байсан гэсэн. Тэгсэн хэрнээ маргаантай байгаад байдаг нь ямар учиртай юм бол оо?

Манай холбооны гишүүн Б.Сүхбаатар 2002 онд анх Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тухайн үеийн цэцийн дарга байсан Жанцан энэхүү 1971 оны протокол нь 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон байна гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш 2007,2008 онуудад бид Монгол өмгөөлөгч болон холбооны 3 удирдлага цэцэд хандаж дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн. Цэцээс 2 удаа магадлал гарсны Үндэслэх хэсэгт: 1992 оны Үндсэн хууль батлагдсанаар үндсэн хуульд уг протокол хүчингүй болсон гэдгийг зааж өгөөд 1992 оноос өмнөх баримт бичигт дүгнэлт гаргахгүй гэсэн.

Уг нь олон улсын гэрээ эрх зүйн 1969 оны конвенцийн тодорхой заалтаар хүчингүй болгох бүрэн боломж МУ-д байгаа юм байна лээ. Учир нь: 1971 оны нууц протокол нь Монгол Улсын олон улсын 1969 онд гэрээнд нэгдэн орсон Венийн конвецийн 61 дүгээр зүйлд “Хэрэв гэрээг биелүүлэх боломжгүй байдал нь гэрээг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай объект бүр мөсөн алга болсон буюу устсаны улмаас бий болсон бол оролцогч энэхүү боломжгүй байдлыг гэрээг зогсоох буюу түүнээс гарах үндэслэл гэж үзэх эрхтэй” гэж зааснаар Зөвлөлт Холбоот Улс задарсанаар уг “Протокол”-ын үйлчлэл нь дуусгавар болсон юм.


Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “ Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө. “ гэснээс үзэхэд 1971 оны “Протокол”–ын зорилго нь тус улсад тусламж үзүүлэхээр ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн ахуйн хэрэгцээнд зориулагдсан зорилгоо биелүүлсэн. Түүнээс тусламж үзүүлэх нэрийн дор бусдын газар нутагт өөрийн өмч хөрөнгийг байршуулан түүнээсээ ашиг олох зорилгоор байгуулагдсан “Протокол” баримт бичиг биш. Тэгэхээр Венийн конвецийн 60 дугаар зүйлийн 3, 61 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн протоколыг хүчингүй болгох тухай ОХУ-д нот бичиг явуулаад эндээ шууд шийдэх боломж байсан байна. Энэ талаар Захиргааны хэргийн шүүх дээр Оросын талын төлөөлөгч хэлэхдээ МУ-ын ЗГ-аас манай ОХУ-д энэ баримт бичгийг хүчингүй болгооч гэсэн нэг ч нот бичиг ирүүлээгүй учраас хүчинтэй гэж байснаас харахад ЗГ ажлаа хийгээгүй юм байна гэж ойлгож болно.

Гэтэл МУ-ын Үндсэн хууль болоод Газрын тухай хуульд Газрыг " гадаадын иргэн харъяалалгүй хүнд төлбөртэйгээр, хугацаатай, нөхцөлтэй ашиглуулна" гэж маш тодорхой заасан байгаа. Энэ хуулийн заалтыг бодвол манай албан тушаалтнууд мэдэж баймаар юм. Гэтэл 28 жил газраа үнэ төлбөргүй өмчлүүлээд дээр нь байгаа хуучирсан барилгыг Монголчуудад түрээслүүлж өндөр ашиг олуулаад түүнээс нь нэгч төгрөгийн татвар авахгүй байгааг юу гэж ойлгохоо мэдэхгүй байна. Энэ чинь гэмт хэрэг биздээ. Гэмт хэргийг төр хаацайлж байгаа үйлдэл биздээ? Гэтэл Монголчуудад 0.07 га газар ч олдохгүй, ТҮЦ-ний газар зөвшөөрөлгүй ашиглаж байна гээд шууд ачаад явдаг биздээ. Төр энгийн иргэддээ гаргадаг төмөр нударгаа эдгээр хууль зөрчдөг компаниудад харуулцах цаг нь болсон.


ЭДГЭЭР КОМПАНИУД ҮНЭХЭЭР ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ ГЭЖ ҮҮ

Та бүхэн анзаарвал энд олон орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүд гээд маш их барилга эргэн тойронд том том хашаа барьчихсан Оросууд түрээслэж байгааг харах болно. Аль ч газар нь газрын төлбөр төлдөггүй, татвар төлдөггүй. Бид энэ талаар бараг бүх байгууллага руу хандаж үзсэн. Хэн ч хүлээж авдаггүй юм байна лээ. Аргаа бараад БДЗ-ийн ИТХ-ын даргаар дамжуулан татвар төлөлтийн талаарх мэдээлэл авахад тэр ОХУ-ын "Госзагрансобственнось" гэдэг төлөөлөгчийн газар мөн "РЦНК" гэдэг өөрсдөө хүртэл иргэдтэй ам.доллараар гэрээ хийдэг газрууд БЗД-ийн татварын газарт бүртгэлгүй юм байна лээ.

Энэ бол бидний амьдаралд тулж бэрхшээл бий болгож байгаа баримт учраас л ил гарсан нь (1971 оны протокол) Гэтэл үүнээс гадна 1979,1980,1984 гэх мэт олон он жилүүдэд ЗХУ-д газар шилжүүлсэн баримт байдаг. Үүний нэг жишээ нь: 1984 оны сайд нарын зөвлөлийн 30 дугаар тогтоолоор 98.23 га газрыг ЗХУ-д түрээсээр олгох тухай шийдвэр байгаа. Энэ шийдвэрийн дагуу УБ хотын захиргаанаас газар олгох шийдвэрийг 14 байршилд өгсөн байна. Гэтэл өнөөдөр тэр 98.23 га түрээсэлсэн гэх газраас нэг ч төгрөгийн түрээсийн төлбөр аваагүй талаар холбогдох байгуулагаас бидэнд хариу ирүүлсэн.

Энэ мэтийн олон газар өнөөдөр хууль бусаар гадаадуудын мэдэлд байна. Үүнийг албан тушаалтнууд мэдэхгүй байна уу. Эсвэл үүнийг тоохгүй байна уу гэдэг их сонирхолтой асуулт. Энэ мэтчилэн Монголын хууль хэрхэн хэрэгжихгүй байгааг жирийн иргэд, ТББ илрүүлээд хэлээд, сануулаад байхад ямарч арга хэмжээ авахгүй байгаа нь сонин байна.

2018 оны 05-р сарын 05

“Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-нд хэдэн айл хамаарагддаг вэ?

Манай холбоо 2000 онд байгуулагдсан. өнөөдрийн байдлаар 14 орон сууцны 700 гаруй өрх гишүүнээр элсээд өөрсдийнхөө төлөө ажиллаж байна. Дээрхи 1971 оны протоколын дагуу баригдсан 56 объектоос 1999-2000 онуудад 49 объектод Монголын Үл хөдлөх хөрөнгийн бүртэлийн газар ганц протколын ишлэл, орос хэл дээр бичсэн өргөдөл, 49 объектын жагсаалтыг үндэслээд л ОХУ-д Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож дээрх хууль бус түрээсийг баталгаажуулж өгсөн. Үүнээс хойш л иргэдийг дарамтлах дарамт хууль бус ажиллагаа ихэссэн гэхэд болно. Бид дандаа гудамжинд жагсаж асуудлаа шийдүүлж байгаагүй. Бүх шатны шүүх түүн дотроо Захиргааны хэргийн шүүхэд хандаж 2008-2009 онуудад бүр Дээд шүүх, Ерөнхий шүүгчид хүртэл шүүхдэлцэн ОХУ-ын нэр дээр олгосон 6 орон сууцны гэрчилгээг олгохдоо тухайн үеийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж хүчингүй болгож байсан. Үүний үр дүнд 2009 онд ОХУ-ын Ерөнхиийлөгч Медвеедэв Монгол улсад айлчлахдаа 8 орон сууцыг Монголын талд шилжүүлэх шийдвэр гаргасан боловч өнөөг хүртэл шилжиж ирээгүй л байна. Гэхдээ эдгээр 8 байранд элдэв дарамт байхгүй ч өдийг хүртэл хувьчлалын гэрчилгээгээ хүлээсэн хүмүүс байгаа. Гэхдээ үлдсэн 7 байранд нь бүүр илүү дарамт ирсэн.

ЯМАР ДАРАМТУУД?

УБ-ын БЗД-ийн 4,5 дугаар хорооны 8,9,10,2,14 -р байрнууд, Дархан хотын 6 -р байрны иргэдийг дарамтлах дарамт бүр ихэссэн гэхэд болно. Эдгээр байруудын зарим хэсгийг ОХУ-ын Госзагрансобствеенось өөрөө шууд ам.доллараар түрээслэх, зарим хэсгийг нь Монголын компаниудаар дамжуулан түрээслэх хэлбэрээр иргэдээс хэрээс хэтэрсэн их төлбөр нэхэх, 60-120 өрхийн дунд ганц цахилгаан болон усны тоолуурыг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон төлбөрийг авах, санал хүсэлт шаардлага тавьсан иргэдийг дарамтлах, цахилгааныг дуртай үедээ дуртай хугацаагаар таслах, гэрийн хаалгыг дуртай үедээ эвдэх, эд хогшлийг нь гадаа гарган хаях, хаалгыг нь гагнах, орж гарч байгаа хүний эд зүйл цүнхийг нь шалгах гэх мэт өнөөдрийн Тусгаар тогтносон Монгол улсад баймааргүйгээр иргэдийг дарамталж МУ-ын иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа. Энэ асуудлаа цагдаа , Мэргэжлийн хяналт тухай бүр дууддаг боловч бүүр сүүлдээ дөжирч ийм байх ёстой юм шигээр ханддаг болж байна. Үүнийг л бид эсэргүүцэж, Монголын бараг бүх хуулийг зөрчсөн дээрх протоколын үйлчлэлийг зогсоох, орон сууцны асуудлыг шийдүүлэх гэж тэмцэж байна.


Танайх энэ байрандаа хэдэн жил түрээс төлөн амьдарч байгаа вэ?

Би өөрөө Ээрмэлийн үйлдвэрт байхдаа орон сууцанд орсон. гэхдээ Монголд шилжүүлэх 8 байрны нэгэнд байгаа тул одоогоор дарамтгүй байгаа. Гэсэн хэдий ч шилжүүлэхээр болсон 8 байртай яг ижил нөхцөлтэй ижил угшилтай гэж хэлж болохоор байранд байгаа хамгийн дээд тал нь 28 жил түрээс төлсөн энэ хуучин байшингийн үнийг хэд нугалж төлчихөөд хөөгдөх дээр тулаад байгаа бусад иргэдээ хамгаалан тэднийг төлөөлөн ажиллаж байна.

Баярлалаа, та бүхэнд амжилт хүсье. Төр засаг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин