Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэмцэл өдгөө ч өрнөж байна. Ноён уулын асуудалтай холбоотой эхний шүүх хурал Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсоныг www.tatarnews.mn сайт сурвалжилсан билээ.

Нэхэмжлэгч тал: “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Босоо Хөх Монгол ТББ”-ын тэргүүн П.Шинжээравдан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ганболд

Шүүгч: Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн шүүгч Ц.Байгальмаа

2015 оны 10-р сарын 27-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ хуралдаж өмнө нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан 31.000 га талбай газрыг 905 га талбай болгож багасгасан юм. Орон нутгийн тусгай хэрэгцээнээс хассан 30.000 га талбай дотор “Центро Гоулд Монголиа” компаний 4 том лиценз бүхий талбай байдаг юм. Мандал сумын ИТХ 31 төлөөлөгчтэй бөгөөд 50+ (16 төлөөлөгчийн) ирцтэй хуралдаж шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай. Гэтэл 11 төлөөлөгч хуралдаж шийдвэр гаргасан нь тухайн өдрийн хурлын тогтоол хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал шүүхэд хандсан юм.

Шүүх хуралдааны тойм.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ганболд


Асуулт Г.Батбаяр: -2017 оны 10-р сарын 27-ний өдрийн хурал хэдэн төлөөлөгчийн ирцтэй болсон бэ?

Хариулт Ганболд: -Мэдэхгүй, Би тэр өдрийн хуралд байгаагүй.

Асуулт Г.Батбаяр: -Тэр хурлын ирцийн бүртгэлд таны нэр, гарын үсэг байсан. Таны өөрийн гарын үсэг мөн үү?

Хариулт Ганболд: -Яагаад оролцсоноор бүртгэснийг би мэдэхгүй.

Асуулт Г.Батбаяр: -Таны оролцоогүй хурлаар юу хэлэлцэж шийдвэрлэснийг та дараа нь мэдэх эрхтэй юу?

Хариулт Ганболд: -Мэдэж болно. Тийм эрхтэй.

Асуулт Г.Батбаяр: -Таниас өөр төлөөлөгчийг 2015 оны 10-р сарын 27-ний хуралдаанд оролцоогүй байхад тантай адил оролцсон гэж хуурамчаар бүртгэсэн байсан уу?

Хариулт Ганболд: –Надаас гадна 4 төлөөлөгч. Бид тавыг уг өдрийн хуралд оролцоогүй байхад оролцсон гэж бүртгэсэн. Энэ асуудлыг тухайн өдрийн хуралд оролцсон хүмүүс сайн мэдэж байгаа учир тэд нараас тодруулах нь зөв.

Асуулт Г.Батбаяр: -Та хэдэн удаа ИТХ-д сонгогдсон бэ?

Хариулт Ганболд: -4 удаа сонгогдож байна. Одоо ИТХ-ын даргаар ажиллаж байгаа.

Асуулт Г.Батбаяр: -Ард иргэдээ төлөөлж сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч тухайн нутаг орныхоо бүрэн бүтэн байдал, байгалийн тэнцвэрт байдлыг анхаарч хамгаалах үүрэгтэй юу, эсвэл гадныханд ашиглуулах үүрэгтэй юм уу?

Хариулт Ганболд: -ИТХ-ийн төлөөлөгчийг байгаль хамгаалагч гэж ойлгож болохгүй. Үндсэн үүрэг нь бол өөр байдаг юм л даа...

Асуулт Г.Батбаяр: -Танай албаны нарийн бичгийн дарга хэр туршлагатай хүн бэ? Хэдэн жил ИТХ-д нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа вэ?

Хариулт Ганболд: 17 жил

Асуулт Г.Батбаяр: -Уг өдрийн хуралдааныг ирцийн бүртгэл хүрээгүй байхад хууль зөрчиж хуралдаж шийдвэр гаргасан учраас бид тэр хурлын тогтоолыг хүчингүй болгуулах гэж байгаа. Та энэ тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж бодож байна уу?

Хариулт Ганболд: -ИТХ-ын төлөөлөгчид олонхиороо шийддэг учир би олонхийн шийдвэрээ дагана.

Асуулт Г.Батбаяр: -Та хувь хүнийхээ үзэл бодлоор л хариулахгүй юу? Энэ тогтоол хүчингүй болох нь зөв гэж бодож байна уу?

Хариулт Ганболд: -Би дангаараа шууд хариулах нь зохисгүй.

Өмгөөлөгч Г.Батбаяр


П.Шинжээравдан: Уг хууль бус шийдвэрээ хүчингүй болгох эрх нь одоогийн ИТХ-д байгаа. Бид аргагүйн эрхэнд шүүхэд хандсан юм. Шүүх хуралдаан 2 жил гаруй хугацааны дараа өнөөдөр хуралдаж байна. Энэ асуудалд чухал ач холбогдол өгч байгаа учир нь гэвэл хэрвээ энэ тогтоол хүчингүй болчихвол энэ тогтоолд үндэслэж гарсан Ашигт малтмалын газрын даргын тушаал хүчингүй болно. Ноён уулыг хамгаалж авч үлдэхэд чухал нөлөө болох юм.

Босоо Хөх Монгол ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан



Шүүгч Ц.Байгальмаа

Шүүгч: -“Ноён Уулаа аваръя” ТББ-ын ямар эрх ашиг хөндөгдөж байгаа вэ? Танай үйл ажиллагааны чиглэлтэй нийцэж байгаа юу?

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн Цэрэннадмид: –Бидний үйл ажиллагааны зорилго чиглэлтэй бүрэн нийцэж байгаа.


Г.Уянга /УИХ-ын гишүүн асан/:

Дэлхийн хамгийн хүчирхэг төрт улсыг байгуулсан Хүннүчүдийн түүхийн үнэт өв соёл, хаад ноёдын хиргэсүүр, булш Ноён уулын хэвлийд хадгалагдаж байгааг олон улсын байгууллага тогтоочихсон. Хүннүчүүд төмөр хайлуулж зэр зэвсгээ хийж байсан гэх мэт Монголчуудын өвөг дээдсийн үнэт өв соёлыг нотлох баримт тэнд байгаа. Хүннүгийн нэг хиргэсүүрээр дэлхийд долларын тэрбумтан болсон хүн байдгийг бид мэднэ. Ноён уулын лиценз, ухуулна, ухуулахгүй гэж уул уурхай ярин бид дотроо талцах биш эсрэгээрээ нэгдэж энэ үнэт өвөө хамгаалж үлдэх ёстой юм. Үүгээр ч зогсохгүй цианит хөрсөнд байх хэмжээнээс их болгосон нь байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаагийн нотолгоо юм.

Ийм учраас бид 2 жил гаруй хугацаанд тэмцсээр байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын хуралдаан хамгийн багадаа 16 төлөөлөгчийн ирцтэй хуралдаж тогтоол хүчин төгөлдөр байх ёстой. Гэтэл 11 төлөөлөгч хуралдаж 5 хүнийг утсаар ярьж санал авсан гэдгийг нэг төлөөлөгч нь энд гэрчилж байгаа нь тухайн тогтоолыг шүүхээр хүчин төгөлдөр бус болгоход хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Энэ нотлох баримтын хүрээнд хойшлуулалгүй шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Монгол төрийн өмнө шүүхийн танхимд үнэнээ хэлж байгаа Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ганболд танд талархаж байна... гэв

Ийнхүү шүүх хуралдаан завсарлаж шийдвэрээ гаргасан юм. Уг хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2015 оны 10-р сарын 27-ний ИТХ-ын 91-р тогтоолыг хүчингүй болголоо.

Нэхэмжлэгч талын төлөөлөгч УИХ-ын гишүүн асан Г.Уянга

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин