Бага насны хүүхдүүдэд ёс зүйн боловсрол олгох, дэмжих үүднээс эрхлэн гаргасан “ЭХ ОРНЫ ЭЛЧ” номын бүтээгч “ЭХ ОРНЫ ЭЛЧ” ТББ-ын тэргүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрээр: “-Энэ номыг уншсан хүүхдүүдийн хандлага илтэд өөрчлөгдөж байна гээд баярласан залуу аав ээжүүдийн урмын үг бидэнд ажлын эрч хүч өгөөд сайхан байна аа... хэмээн яриагаа эхлүүлсэн юм.

Энэ номыг ямар учраас хийх болсон бэ?
-Асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд хүүхэд, залуучууд маань дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, сурч, боловсроход нь шаардлагатай амьдрах ухаан, ур чадварыг олгож, эзэмшүүлэх шаардлага зайлшгүй гарч ирж байна л даа. Энд хүмүүжил төлөвшлийн тухай тодорхойлолт хэлэх нь илүүц биз дээ. Түмний хүүхдийн төлөө дэмий сэтгэлээ чилээн суухаар хүн байхын учир, хайрлах, энэрэх, асрах, хүндлэх ухаан, ёс зүй, ёс заншил, өв уламжлал, соёл, хүний сайн сайхны дадал хэвшилд сургах, “Хүн болох арга ухаан”-ыг үр хүүхэд, хойч үедээ зааж сургаж буй эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарынхаа далай их үйлсэд дусал болох үүднээс энэхүү номоо эрхлэн гаргасан билээ.

Яг хэдэн насны хүүхдүүдэд зориулсан гэж ойлгох уу?
-Хүнд нэгэнт тогтсон зан төлвийг өөчлөхөд маш хэцүү байдаг. Харин хүүхэд бол өөр. Бага балчир байх тусмаа аливаа юмыг хүлээж авахдаа хурдан, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ чармайлт гаргаж байдаг учраас цэцэрлэгийн насы хүүхэд, бага ангийн сурагчдад /1-5 дугаар анги/ эцэг эх, багшийн оролцоотой хүргэвэл илүү үр дүнтэй.

Яг ижил агуулгатай ном гадны улс орнуудад байдаг байх. Жишээ нь?
-Харилцааны соёлын үлгэр жишээ Япон улс байна. Япон хүний баримталдаг зарчим бол хүүхдээ өндөр мэдлэг боловсролтой болгохоос илүү бусдад төвөг удахгүй “ХҮН” болгож хүмүүжүүлэхийг чухалчилдаг.Тийм ч учраас энэ төрлийн ном сурах бичиг хамгийн их байдаг юм байна лээ. Мөн Герман Франц байна. Өмнөд Солонгос улс ч хүндэх ёсыг эрхэмлэн дээдлэдэг улс шүү дээ.

Монголд хүүхдийн хүмүүжил төлөвшлийн агуулгатай ном анх удаа хэвлэгдэж байна гэж ойлгож болох уу?
-Хүмүүжил төлөвшилийн тухай олон ном, зохиол, нийтлэлүүд бий. Мөн төсөл хөтөлбөрүүд ч хэрэгжиж байна. “Би Эх Орны Элч” номын онцлог нь хүүхдэд яг өөрт нь хандсан маш энгийн үг хэллэгтэй, зурагт тайлбартай, ойлгосон зүйлээ тэмдэглэх хэсэгтэй байгаагаараа онцлог юм. Нөгөөтэйгүүр Зөв хүн болж төлөвших гарын авлага ч гэж ойлгож болно.

Уншсан хүүхдүүд, болон аав ээжүүд ямар сэтгэгдэлтэй байна?
-Хүүхэд гэхээсээ илүүтэйгээр номоо уншаад өөрчлөгдөж байгаа хүүхдээ хараад баярласан эцэг эхийн талархал илүү их байна. Зарим ээжүүд ярьж байна л даа. Хэлээд ойлгохгүй, үгэнд орохгүй байсан хүүхэд маань энэ номыг уншаад аливаа зүйлд хандах хандлага нь өөрчлөгдөж, их хичээл зүтгэлтэй болж байна.

Энэ ном дээрх сургааль үгнүүдийг эцэг эх, багш нар хүүхдэд захиж хэлэх хүүхэд өөрөө номноос унших хоёрын ялгаа юу вэ?
-Хүүхдийг хүчээр хүмүүжүүлэх биш харин хүн болоход нь туслах, үлгэрлэн хүмүүжүүлэх нь зөв юм болов уу. Учир нь хүүхэд өөрөө өөрийгөө л бий болгодог юм байна.

  • Жишээ нь: Энэ номонд заасан бүхий л энгийн дүрмийг хүүхэд өөрөө уншиж, бичиж байх явцдаа бусадтай харилцаж, бусдад тусалж, бусдаас туслалцаа авч, өөрийгөө мэдэж, бусдыг ойлгож, зөв хүн болон төлөвшихийн ач тусыг ухааран зорилгоо тодорхойлж, хүсэл тэмүүлэлтэйгээр хөгжих ёстой гэдгийг өөрөө олж мэдсэнээр нэг ч гэсэн алхам урагшлах нь түүнд үнэ цэнэтэй байх болно.

Танай ТББ нэрнээсээ эхлээд хүүхэдрүү чиглэсэн юм шиг санагдлаа. Энэ номноос өөр ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?
-Тиймээ баярлалаа. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн хүүмүүжил, төлөвшлийн асуудалд багахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. Урт богино хугацааны олон ажил төлөвлөсөн байгаа. Удахгүй хүүхдийн хүмүүжлийн тухай дараагийн номоо гаргахаар ажиллаж байна.

Хүүхдүүдийг багаас нь сонгон дугуйлан, янз бүрийн секц, хэлний бэлтгэлд сургах нь зөв буруу гэсэн хоёр янзын ойлголт зэрэг яваад байна. Энэ тал дээр таны бодол?

-Би бодохдоо хүүхэд хамгийн их ачаалал даадаг гэж боддог. Гол нь өөрийнх нь хүсэл сонирхолын дагуу дуртай зүйлд нь чиглүүлж өгөх хэрэгтэй. Хүн дуртай зүйлдээ л амжилт гаргадаг. Хэрэв бүжигчин, хөгжимчин болох хүсэлтэй бол багаас нь л хичээллүүлэхгүй бол оройтно шүү дээ.

Та бидний хүүхэд байх цаг үе, өнөөдрийн хүүхдүүдийн өсч байгаа цаг үе нийгмээ дагаад сайн муу янз бүрийн талтай байна. Өнөөгийн хүүхдүүдийн хүүхдүүдийг өсч хүмүүжих ирээдүйг та ямраар төсөөлж байна вэ
-Аль ч цаг үед амьдарч байгаа хүн Аз жаргал, Амар тайван амьдралыг л хүсдэг боловуу гэж боддог юм. Энэхүү аз жаргалдаа хүрэхийн эхлэл нь юу юм бэ? Хаанаас эхлэх ёстой юм бэ? Гэсэн асуултууд урган гарч ирэх байх.

Жаргахын эхлэл нь юунд орших вэ гэвэл Хэрхэн зөв, зүйтэй хүмүүжиж, төлөвшсөнөөс эхлэх юмаа гэж хариулмаар байна.
“Үртэй хүн жаргаж, үндэстэй мод нахиалдаг” гэсэн Монгол ардын мэргэн үг бий. Хойч үе, залгамж халаа маань үргэлж гэрэл гэгээтэй байх болноо гэж итгэж байна.

Баярлалаа.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин