БӨМБӨРЦӨГ ДЭЛХИЙН КИНОНУУДЫГ АНГИЛАВ

  • 1.Сайн кино
  • 2.Муу кино
  • 3.Монгол кино
  • ...?

Сайн кино ангилалд мэдээж Оскарт нэр дэвшдэг, ашиг орлогоороо тэргүүлдэг дэлхийн хэмжээнд танигдсан бүтээлүүд орно. 2 дахь ангилалд ийм амжилтанд хүрээгүй, алдаатай, оноотой олон мянган бүтээлүүд орно. Бас бидний муулсан мөртлөө шимтээд үзээд байдаг Солонгос савангийн дууриуд. Харин гурав дахь ангилалд өнөөгийн Монгол кино орно.


МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ТҮҮХ

1935 онд Оросын тусламжтайгаар “Монгол Кино” компани байгуулагдаж, 1936 онд Зөвлөлтийн туслалцаатайгаар хийгдсэн “Монгол Хүү” кино бүтээгдсэн. Улмаар 1938 онд Монголчуудын өөрсдөө бие даан хийсэн “Норжмаагийн замд” киног бүтээснээр Монголын кино урлагийн түүх эхэлсэн юм.

1955-1980-аад оны үед ард нийтийн соёл боловсролыг дээшлүүпэх, нам засгийн үзэл суртлыг дэлгэрүүлэх бодлогын хайрцганд хийгдэж байсан ч тухайн үеийн бүтээлүүд нь Монголын кино урлагийн хөгжлийн оргил үе байв.

Тань руу нүүж явна МУСК. 1984 он. Энэхүү киноны дүрүүд, ишлэлүүд, хөгжим одоо ч үзэгчдийн сэтгэлийг эзэмдсэн хэвээр


ӨНӨӨДРИЙН МОНГОЛ КИНО

Жилд дундажаар 30 кино нээлтээ хийдгээс ашиг олж, амжилттай болдог нь ердөө 2-3 кино. Бусад нь зардалаа нөхөж голоо таслахгүйн тулд Юнивишн, Скаймедиа кино сангийн түрээсэнд найддаг. Зардалаа ингэж нөхөөд дээр нь цөөхөн хэдийн ашиг олдог. IPTV-ийн сайн тал нь гэвэл кино театраас үзэгчгүй болоод бууна гэдэг зовлон киночдын хувьд ноцтой асуудал биш болсон. Муу тал нь гэвэл захын нэг кинонд тоглосон жүжигчин залуу, загвар өмсөгч, тогооч хэн ч бай дараагийн удаа өөрөө кино хийгээд явж байдаг. Муу чанарын бүтээлүүдийг хэвэнд цутган үйлдвэрлэдэг. Урлагийн сургуулийг жүжигчин, найруулагч, зураглаачаар төгссөн уран бүтээлчид бүгд мэргэжлээрээ сайн бэлтгэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Харин кино бүтээх хэмжээнд бол шуудхан хэлэхэд мэдрэмжгүй. Киночид өөрсдийгөө өмөөрөхдөө: -Ингэж байж хөгждөг гэнэ. Хөгжиж байж илүү хөгждөг юм уг нь. Хөгжөөд байна уу, эргэлдээд байна уу?

КИНОЧДЫН ТӨӨРӨГДӨЛ

Дээр үед төр засгаас киног дэмждэг байсан. Уран бүтээлчид эдийн засаг аж амьдралдаа санаа зоволгүй ажилладаг байсан болохоор сайн кино болдог байсан... гэх улиг зовлонг киночид энд тэндхийн нэвтрүүлгүүдээр тангад ном шиг дуржигнатал тоочиж яваа харагддаг. Угтаа бол хувийн бизнес гэж байхгүй бүх ажил төрийн бодлогын хүрээнд хийгддэг байсан социалист нийгэмд өнөөгийн киночид амьдраагүй.

Суртал ухуулгын хайрцганд баригдалгүй, аймшиг, инээдэм, +18, драм, гэх мэт дур зоргоороо сэтгэж сайн л бүтээл хийж чадвал амжилтанд хүрээд ашгийг нь төр засаг авдаггүй, өөрсдөө хүртдэг алтан үед амьдарч байгаа... гэх мэт олон давуу талаа ашиглаж чаддаггүй. Тэр үед ганцхан “Ард” кино театрт гардаг байсан бол өнөөдөр цахим ертөнц, бөмбөрцөг дэлхий Монгол киночдын өмнө үүдээ нээгээд өгчихсөн.


Сайн зохиол байхгүйгээс болж гадны өгүүллэг, зохиолуудыг кино болгодог моод дэлгэрч байна. “Сайн зохиол бичихийн алтан нууц гэвэл сайн зохиол бичихийн алтан нууц гэж байдаггүйд оршино” гэж үг байдаг. Холливүүд шиг дэлхийг авраад өөр гариг ертөнцөд амьдраад, сансар огторгуй хоорондын дайн хийж, 100 жилийн дараахь ирээдүйн тухай кино хийх шаардлагагүй ч нэгэн загварын хэвнээс гарч амжилтаа өргөнөөр харж, хөгжих шаардлагын өмнө бүгд эгнэж байна Монголын киночид. Уул уурхайгаас илүү төр засгаасаа түрүүлээд дэлхийд гарах магадгүй номер нэг зах зээлрүү нэвтрэх боломжийг ашиглах ирээдүй бий. Дэлхийд үнэлэгдэх бүтээл сэтгээд хийчихвэл төр засаг дүлий биш. Тэгж чадвал төр засгийн дэмжлэг ч хэрэггүй болно.

Холливүүдийн хамгийн бага зардалаар буюу 15.000$-аар бүтсэн “Paranormal activity” кино гарсан даруйдаа буюу 2013-2014 онд 193 сая долларын ашиг олсон. Кино бол яаж ч урлаж болох оюун санааны бүтээл. 

Чингисийн Хүүхдүүд МУСК


КИНОЧДЫН ЗОВЛОН, ТЕАТРЫН ДАРАНГУЙЛАЛ

Түүхэндээ анх удаа Монголд өндөр төсвөөр буюу 1.4 тэрбум төгрөгөөр “Чингисийн хүүхдүүд” киног хийлээ. Ийм өндөр өртөгөөр кино хийх боломж киночдын хувьд өдрийн од. Ер нь ихэнхидээ холливүүдийн нэг киноны нийт төсөвийн 5 минутын өртгөөр нь Монголд бүрэн хэмжээний уран сайхны кино хийх гэж зовно. 2-3 тэрбум төгрөгийн жижиг зах зээл дээр 50 гаруй кино студи хоорондоо л өрсөлдсөөр. Төсөвтөө тааруулж хийж байгаа кинонууд дотоодын зах зээл дээр өөр хоорондоо өрсөлдөхөөс өөр тавилангүй.

Бүтээсэн киногоо үзэгчдэд хүргэхийн тулд кино театрын боломжит үеийг уралдаж, өрсөлдөж цагийг нь авна. Борлуулалтын ашгийн 50%-ийг тухайн үзвэрийн театрт шууд төлдөг. Кино театр элдэв татваруудаа суутгаж аваад продюсерт ашиг хуваарилдаг. Өргөө синема мөнгөн дүнгийн 10%-д бензиний талон шахдаг гэх яриа ч бий. Үүнээс татгалзах эр зоригийн сонголт киночдод байхгүй. Учир нь “Сод Монгол групп”-ын Ц.Анандбазар Өргөө-1, Өргөө-2, Шангрилла IMAX салбаруудаараа кино үзвэрийн зах зээлийн 50%-ийг атгадаг... гэх мэтийн зовлон киночдод мундахгүй.

Сод Монгол группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар. Тус группын харъяа Өргөө-1, Өргөө-2, IMAX салбарууд нь кино үзвэрийн зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг


МОНГОЛ КИНО ҮЗЭГЧИД?

Урлаг, спорт, улс төр, бизнесийн одууд, эрдэмтэд, сэхээтнүүд шинээр гарсан Монгол кино бүрийг алгасалгүй шимтэн үздэг үү гэвэл үгүй. Уг нь аливаа нийгэмд ийм цөөнхүүдийг олонх нь дагадаг байгалийн хуультай. Монгол кино харин дээрх үзэгчдийн хувьд үнэлэмжгүй хэвээр. Кино үзэгчдийн ихэнх нь 30 хүртэл насныхан. Тэд инээдэм, адал явдал, хурц үйл явдал сонирхоно. Тийм болохоор үзэгчдээ уйлуулах гэж, инээлгэх гэж л шанална. Уг нь кино урлаг олонхийн хүслийг араас нь дагах биш нийгмийг бүхэлд нь түүчээлдэг оюун санааны хөгжлийн бамбар байж чадвал нийтээрээ хөгжинө. Үгүй бол хэдхэн жилийн дараа өнөөгийн хошин урлагийн үнэлэмж шиг үлдэнэ.

МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН СОРУУД

Сайн муугаар хэлэгдсэн ч энэ цагийн кино урлагийн хөгжлийг мөрлөж яваа Монгол Фильм студийн Том Золоо (Д.Золбаяр), Black Zebra студи, Найруулагч Ж.Сэнгэдорж, О.Бат-Өлзий, Түүний хүү Б.Тамир, GO студийн Д.Галбаяр, графикч Ш.Тансаг, Продюсер Ц.Цоггэрэл, Шинэ үе, Х.Түц продакшнууд, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, О.Долгор гэх мэт оюун санааны урлан бүтээгч эрхэмүүдийг дурдахгүй байхын аргагүй.

Онцгойлж хэлэх чансаатай залуу уран бүтээлчид ч энэ дунд цөөнгүй байна. Дэлхийд тэргүүлэгч Бээжингийн кино академийг төгссөн зураглаач Д.Ангараг энэ цагийг өнгөлж байгаа Монгол кинонууд дээр ажилласаар байгаа бөгөөд хамгийн сүүлд “Чингисийн Хүүхдүүд” МУСК дээр ажиллажээ. Тэрбээр одоо АНУ-д Холливүүдийн уран бүтээлчидтэй зэрэгцэн продюссерээр ажиллаж байна. Зохиолч, найруулагч А.Миеэгомбо кино урлагт уран бүтээлчээс гадна судлаачийн түвшинд ажилладаг уран мэдрэмжтэй, авъяаслаг залуу. Мөн Холливүүдийн кинонд тоглоод амжсан чадварлаг жүжигчин Б.Амараа, Ц.Цэрэнболд нараас эхлээд кино урлагийн сор болсон авъяас чадварын эзэд цөөнгүй байгаа.

Харамсалтай нь киночид нийтээрээ хөгжихгүй л бол Д.Ангараг Америкдаа үлдэнэ. А.Миеэгомбын мэдрэмж өөртөө л үлдэнэ. Б.Амараа кино болгон дээрээ Б.Амараа хэвээрээ үлдэнэ. Ц.Цэрэнболд тоглосон дүр бүхэн дээрээ хөмсөгөө зангидсан, хүнгэнэсэн хоолой, хүдэр чийрэг Цэрэнболдоороо л мөнхөрч, энэ хэвээрээ үлдэнэ.

ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Монголын кино урлаг хөгжиж байгаа гэх төөрөгдлөө хаях цаг болсон. Өнөөдөр хамгийн өндөр түвшинд хөгжиж байгаа Солонгосын кино урлаг 10 жилийн өмнө дэндүү бүдүүлэг, сэтгэлгээгүй, харанхуй түвшинд байв. Энэ хугацаанд маш хурдтай хөгжиж чаджээ. Харин 10 жилийн өмнө Монголын кино урлаг өнөөдрийнх шиг л байж. Монголын киночид зөвхөн өөр хоорондоо өрсөлдөөд, энэ жижиг зах зээл дээрээ тулалдаад л, өөрсдийгөө хөгжүүлэхгүй байвал 10 жилийн өмнө хийж байсан киногоо одоо дахиад 10 жилийн дараа ч хийсээр л байх болно.

Үзэгчид нь уйлчихвал, эсвэл инээчихсэн бол сэтгэл ханамжтай үлддэг учраас хараалын үг, цус нөжөөр дүүрэн зовлонт драм, эсвэл хошин шогийн номерийг дүрсжүүлчихсэн үү гэмээр хөнгөн маазраан дээр кино хийсээр л байна. Уйлсаныг, инээлгэснийг эс тооцвол уг киноноос санаанд хадагдах ишлэл, ухаарал өгөх философи байдаг бил үү...

Энэ загвараасаа гарахгүй бол энэ дэлхийн өнцөг булан бүрээс өдөр бүр сошиал ертөнцөд нийтлэгдээд хүмүүсийг инээлгэж, уйлуулж байдаг 5 минутын бичлэгүүдээс ялгарахгүй болох вий. Учир нь тийм сошиал контентууд чанаржаад байгаа.

Стивен Спилберг, Жеймс Камерон нарын дор ажиллах алтан боломж хэнд ч бий. Гэхдээ тэдний ямар ч дүрийг бүтээх Леонардо Ди Каприо, Жони Депп, Женнифер Лоуренс нар шиг жүжигчин бидэнд бий юу? Тэдний хөлсийг төлөөд кинондоо тоглуулах ч боломжтой. Тийм өндөр түвшний найруулагч Монголд байгаа юу?

Ингэхээр хэл сурч, кино урлагийн хөгжлийн ертөнцөд үзэгчийн биш судлаач, бүтээлчийн өнцгөөс нэвтэрч уншиж, судалж ухаан сэтгэлгээгээ тэлэх шаардлага тулгарч байна.

Одоо хөгжих үү, хөгцрөх үү. Хоцрогдлоороо холливүүдэд гарах боломж ирэхгүй л бол дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй.

Киночдын зовлонг кино хийж үзэж байж л мэдэрнэ. Гэхдээ Монголын кино урлагийг хөгжлийн хурдыг ташуурдахыг хүсдэг олон зуун мянган үзэгчдийн нэг учир би үзэгчийн шүүмжээ бичсээр байх болно.

MONGOL FILM STUDIO Найруулагч Г.Золбаяр. Киночдын дунд том Золоо хэмээгддэг

Зураглаач Д.Ангараг. Чингисийн хүүхдүүд бүтээлээс хойш АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа

Чонон Сүлд кино нь Оскарт дэвшиж магадгүй хэмээгдэж байсан Хятадын бүтээл. Уг кинонд Монголын чадварлаг жүжигчин Р.Анхням тоглосон

Монголын шинэ үеийн киноноос анх удаа өндөр хэмжээний ашиг орлоготой бүтээл болсон Жинжиймаа киног Монголжин студийн О.Машбат агсан эхнэр, МУГЖ Н.Батцэцэгийн хамт бүтээжээ

Найруулагч, МУГЖ О.Бат-Өлзий, түүний эхнэр МУГЖ С.Сарантуяа, хүү Б.Тамир нарын хамт. О.Бат-Өлзийгийн бүтээсэн

Сүүлийн үеийн кинонуудын хамгийн хүнд графикийг чанарын өндөр түвшинд хийж байгаа чадварлаг графикч Ш.Тансаг

Жүжигчин Ц.Цэрэнболд

Жүжигчин Г.Эрдэнэбилэг

Жүжигчин С.Болд-Эрдэнэ

Найруулагч Д.Галбаяр. Эхнэр, авъяаслаг жүжигчин Б.Хулангийн хамт цөөнгүй уран бүтээл хийжээ.

DOZ entertainment Ш.Доржсүрэн, эхнэр А.Мөнгөнзулын хамт

Хувьсал продакшны Г.Цоггэрэл. Эхнэр, жүжигчин У.Уранчимэг

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [64.119.18.62]   5-р сарын 02, 2018
Голыг нь олжээ
Зочин