“Солиот эх” Монголын Уран Сайхны Киног шүүмжлэхүй

Киноны нэр: ”Солиот эх”
Эх зохиол: Ван Хэн Жи
Кино зохиол: И.Одончимэг, Н.Онон
Кино студи: Mongol Film studio, Black Zebra studio
Найруулагч: И.Одончимэг
Гол дүрд: И.Одончимэг, Т.Бархүү
Кино театр: Өргөө, Тэнгис, IMAX,

ЗОХИОЛ
Хятадын алдарт зохиолч Ван Хэн Жигийн “Солиот Эх” өгүүллэгийг утга зохиолын өндөр мэдрэмжээр орчуулсан хүн бол нэрт орчуулагч, “Гэгээ” боловсролын төвийн багш Д.Болдбаатар юм. 2015 онд орчуулсанаас хойш уран зохиолд шимтэгч оюунлаг уншигчдын оюуны мэлмийд өндөр таашаагдсан төдийгүй Монголын шинэ үеийн зохиолчдыг хурцалж өгсөн бүтээл болсон. И.Одончимэг өмнө нь гадаадын “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” гэх мэт үргэлжилсэн үгийн зохиолуудыг кино зохиол, жүжгийн зохиол болгодгоороо туршлагажиж байгаа бөгөөд энэ удаад “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Н.Ононтой хамтран Ван Хэн Жигийн “Солиот Эх” өгүүллэгийг кино болгожээ.

Хятадын нэгэн тосгонд өрнөж буй үйл явцыг цаг үетэй нь зэрэгцүүлэн кино зохиолд хувиргахдаа Монгол ахуйд хөрвүүлсэн байна. Эх зохиолд яаж галзуу солио туссан нь мэдэгдэхгүй нэгэн тэнэмэл эмэгтэйг ашиглан хүүхэд төрүүлүүлж, өөрийг нь төөрүүлж орхисон ч уг галзуу эх төрүүлсэн ганц үрийнхээ төлөө цаг мөч бүхэнд чадлынхаа хэрээр тэмүүлж байгаа тэмцлийг харуулдаг. Шүүмжлэх эрхийн хүрээнд зөвхөн ҮЗЭГЧИЙН ХУВИАР л би “КИНО ШҮҮМЖ” бичдэгийн хувьд энэ кино зохиолыг эх зохиолынхоо дөнгөж 40%-д шүргэж бичигдсэн гэж хэлнэ. Гэхдээ мэргэжлийн чанартай кино зохиолчид ховор цагт хошин урлагийн жүжигчид энэ дайтай бичиж, бүтээж байгаа нь амжилт гэе.

НАЙРУУЛАГЧ
И.Одончимэгийн найруулсан 6 дахь кино бөгөөд “Танхай тээгч”-ээс тэс өөр жанрын бүтээл. Мель Гибсон өөрөө зохиолоо бичээд, өөрөө прдюссерлоод, найруулаад, өөрөө тоглоод байдаг шиг энэ уран бүтээл дээрээ Алаг нүдэн Одноо тийнхүү бүхий л бие сэтгэлээ зориулан ажилласан нь бахархмаар. Дөмөгхөн Монгол кино хайж, хүлээж үздэг өчүүхэн үзэгч миний хувьд Х-ТҮЦ-ийнхний өмнөх кинонуудаас лавтай илүү болсон гэдгийг хэлье.

6 жилийн турш үрээ санаж, мөрөөсч тэмцэж ирсэн солиот эхийн баяр баясал, энэ хугацаанд ухаан суусан цагаасаа эхийгээ хүлээсэн ч анх хараад хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа үрийн сэтгэл гутрал хоёрын харилцааг дэлгэцийн уран бүтээлээр гайхалтай урласныг онцолж хэлмээр. Эх үрийн сэтгэл дэлгэцнээс урсаж үзэгч таны сэтгэлийг хэрхэн хөдөлгөж буй найруулагчийн уянгалаг шийдлүүдийг үзэж мэдэрнэ.

КИНО СТУДИ
“Mongol Films studio”-ийн бүтээсэн киног үзэхээсээ өмнө сайн гэдгийг хүлээн зөвшөөрчихдөг би өөриймсөг үзэгч. Магадгүй сул тал байсан ч байж болох. Гэхдээ миний оюун санаанд Монгол фильм студи бол Монголын кино урлаг дахь бренд байдаг учир зураг авалтанд өөлөх зүйл миний хувьд байсангүй. Энэ гайхалтай зураглалуудыг “Black Zebra” студитэй хамтран цогцлоожээ.

КИНОНЫ ТОВЧ АГУУЛГА:
Дээр өгүүлсэн яаж галзуу солио туссан нь мэдэгдэхгүй тэр нэг тэнэмэл эмэгтэйн эмгэнэлтэй түүх гарна. Ээжтэйгээ хоёул амьдардаг ганц бие залуу Зэрэмд нохой шиг хөөгдөж туугдан, дагасаар гэрт нь ирдэг. Зэрэм эхтэйгээ үгээгүй ядуу амьдрах бөгөөд үр удам нь тасрах вий гэх эх сэтгэл шаналахдаа хүүгээ энд тэнд олон цугласан газар очиж хүн амьтантай танилцаж, эхнэр авах тухай ятгаж хатгаж үглэсээр. Идэр насан дээрээ яваа эр Зэрэм хагсрахын туйлд хүрэн гар хангалга хийж байгааг харсан эх нь арга буюу тэнэмэл солиот хүүхнийг ашиглаад удам залах үртэй болохыг санал болгоно. Тэгчихээд: "Би Чанцалынд очиж хонолоо..." хэмээн өөр сонголтгүй үлдээж байгаа нь үрээ л гэсэн эхийн сэтгэл. Сул дорой, хазгар доголон Зэрэмийн хувьд үүнээс өөр сонголт үгүй учир эхийн санаснаар болж, тэнэмэл солиот хүүхэн Зэрэмийн хүүхдийг төрүүлсэнээр киноны үйл явдал өрнөв.

Солиот эх төрүүлсэн хүүхдээ яаж ч магадгүй санагдах тул Зэрэмийн ээж хүүхдийг төрөнгүүт нь салган авч төөрүүлсэн ч хэвлээс нь унасан үрийнхээ төлөө хором мөч бүр үхэн хатан тэмцэж байгаа эхийн сэтгэлийг энэхүү кинонд уран бөгөөд үнэн гаргажээ. Ерөөсөө оюун ухамсаргүй адгуус ч хүртэл үр зулзагынхаа төлөө амиа золин тэмцэх чанар, өөрөөсөө илүү хайрлах шинж нь ухааных бус шинжлэх ухааны нэрлэдгээр “Болзолт бус рефлекс”. Энэ гарцаагүй байгалийн хууль юм. Хүнд байдаг сэтгэл, бас байгаагүй мөртлөө хэдийд ч гаргахад бэлэн үйлдэлүүд эх хүний дотор бурхан чөтгөр лугаа адил зэрэг оршиж байдаг. Тэр бүх чанарыг үрийнхээ төлөө л зориулдаг юм. Үүнийг Солиот эхийн дүрээр хурцаас хурц харуулсан бүтээл бол “Солиот эх” Монголын Уран Сайхны Кино байв. Үзэгч таны ээжид, бас танд ямар чанарууд байдгийг харахыг хүсвэл энэхүү шүүмжийг уншингуутаа кино театрын зүг яараарай.

БУСАД:

Инээдмийн төрлөөр танигдсан жүжигчид иймэрхүү хүнд драмд тоглохоор үзэгчид инээж хүлээж авчих гээд байдаг сул талтай. Харин И.Одончимэг тоглосон дүрээрээ үзэгчээ хайлуулаад, сэтгэхүйг нь тухайн дүрдээ шингээчихдэг онцлогтой байх. Уг нь тэр хошин урлагийн хатан хаан.

Жонон хамтлагийн Б.Цогбаярын зохиосон хөгжим уг киноны турш үзэгчийн сэтгэлийг ямар түвшинд аваачиж байлдан дагуулах найруулагчийн хүсэл шийдлийг төгс гүйцээсэн гэмээр. Хөгжим бол хүрч очиж болох хамгийн чухал мэдрэмжүүдийн нэг юм гэдгийг Жононгийн Б.Цогбаяр энэ бүтээлээрээ илэрхийлнэ.

Үүн дээр дурдахгүй байхын аргагүй нэг хүн бол ерөнхий зураач Н.Болор-Эрдэнэ. Монголын кино урлаг 1950-1960 оны үе шиг чанаржиж буйг, гэхдээ цаг үеийн онцлогоос шалтгаалж тэс өөр нугалаанд сэргэн мандаж байгааг энэ киноны зураачийн ажлаас илэрхий харж болохоор. Хятад ахуй ханхалсан зохиолыг Монгол ахуй болгож палан бүрийг нь маш онцгой мэдрэмжтэйгээр урнаар зурж чаджээ.


ХЭЛБЭРИЙН ШҮҮМЖ:

ЗҮҮД:
Зэрэмийн ээж киноны эхэн үед хүүгээ аянганд цохиулж хадан хавцлаас морьтойгоо нисэж үхэж байгаа ёрын зүүд зүүдэлж цочиж сэрдэг. Аль амбасан үед гарч байсан “Ядуугийн зовлон” аймшгийн кино ч билүү гэж андуурахаар тэр палан уг кинонд огт хэрэггүй хэсэг. Тэртээ тэргүй киноны турш ноорхой солиотой хүн, ядуу тарчиг амьдрал гарах гээд байхад эхэнд нь тэр ээжид тийм ач холбогдолгүй солиотой зүүд зүүдлүүлэх санаа И.Одончимэг, Н.Онон хоёрын хэнийх нь зүүдэнд ямар “Солиот чөтгөр” нь ирж шивнэснийг мэдэхгүй. Эсвэл морийг хавцлаас нисэж байгааг харуулах гээгүй л бол Солиот эхийг тэр хавцлаас нисэж үхэхийг тэр эхийн зүүдээр зөгнүүлэх ямар ч ач холбогдолгүй ядмаг санаа.

ТҮҮХ СУДЛААГҮЙ:
Нэгэнт л өнгөрсөн түүх дээрээ тулгуурлаж хувиргаж байгаа бол түүхээ судлах хэрэгтэй. 1909 онд Бээжинд Манжийн засаг унасны дараа 1911 онд Богд хааныг дахин хаан ширээнд суулгаж, шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөнөөр 5 чухал яамтай, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үе эхэлсэн байдаг. Монголчуудын зовж байсан үе. Дэлхийн талыг эзэлж явсан нүүдэлчдийн түүхэнд хамгийн их хэцүүг үзсэн тэр үе дээр аваачиж хийсэн нь аргагүй. Учир нь Ван Хэн Жи-гийн бичсэн эх зохиол Хятадын тосгоны өлсгөлөнт амьдралыг харуулсан учраас. Эх зохиол дээр Анжисгүй л бол үхэх тавилантай ядуу тарчиг Хятад тосгоны амьдралыг өгүүлдэг. Харин нүүдэлчдийн түүхэнд хамгийн зовлонт үедээ ч тийм үгээгүй ядуу айл байгаагүй. Ядаж л таргийн таван ямаатай, тэрнийгээ хариулах чөдөрийн ганц үрээтэй, үүрээр мөөрөх үнээтэй байсан гэдэг. Үр хүүхдээсээ эхлээд эмсүүд нь хүртэл тал, хангайгаар дүүрэн байх тарвага туулай агначих аргатай байсан гэдэг. Өлсөж байсан ч нүүдэлчид өлбөрч мөхөхийн туйлд хүрч байгаагүйг түүх сайн уншвал ойлгоно доо ойлгоно.

ҮГ, ХАРИЛЦАН ЯРИА ЦӨӨН МӨРТЛӨӨ ЦӨӨН ҮГ НЬ ДЭНДҮҮ СУЛБАГАР. ҮНЭНДЭЭ САНААНД ҮЛДЧИХ ИШЛЭЛ ЮУ Ч БАЙСАНГҮЙ

Мөн дүрүүдийн нэр ч оновчгүй байсан уу амархан мартагдахаар. Санаж байгаагаас "Агаа" гэх хэллэг. Тэр үед ахыгаа агаа гэж дууддаг л байсан юм байх даа гэж бодсон учир энэ үг л сэтгэлд үлджээ. Цөөхөн үг текстээ чанаржуулаагүй нь мэргэжлийн зохиолч бишийн буруу байх. Гэхдээ ач холбогдол өгөх л байж. Найруулагч Б.Тамир "Зүрхний Хилэн" киноныхоо текстийг тусгайлан хүн ажиллуулж бичүүлсэн нь киног чанаржуулж байсныг бодоход илүүдэхгүй.

За тэгээд дараа нь ард түмнийг хар тамхи мэт мунхагруулж байсан байсан шашны мөхөл, 700 гаруй сүм хийдийн сүйрэл, шинэ үеийн боловсролын эхлэл уг кинонд харагдана. 6 жилийн дараа, 8 жилийн дараа гэж үйл явц үсрэх боловч Бороо хүүгийн дүр өөрчлөгдөж, Зэлэмийн ээж өөд болсоноос бусад дүрүүд хэвээрээ. Тэгсэн мөртлөө тэр үеийн Монголын түүхийг 14 жилийн хугацаанд эмх замбараагүй сэгсрээд багтаан базаж харуулах гэж байгаа нь тун ядмаг гэлтэй. Хятад зохиолчын бичсэн өгүүллэг болох эх зохиол дээр байсан гэрэлтэй гэгээтэй хэсгүүдийг хасч тэр чигт нь зовлонт байдлаар харагдуулж байгаа нь Монголын уран бүтээлчдийн нөгөө л нэг ядуу сэтгэлгээ юу? Тэр үеийн түүхийг тэртээ тэргүй дэлхий харлуулж хардаг байхад өөрсөддөө бид өөдлүүлж өнгөлөхгүй юм гэхэд үнэнээр нь өгүүлж баймаар. Энэ түүхэн кино биш юм даа, уран бүтээлчдийн өөрсдийнх нь сэтгэлгээ... гээд энэ хэсгийг гурван цэг хатган үлдээхдээ түүхэндээ ялж байгаагүй Солонгос улсын киночид дэлхийг байлдан дагуулж байсан мэтээр өөдөө сэтгэж уран бүтээлээ туурвидгийг бодоход илүүдэхгүй. Дэлхийн киночид уран сэтгэлгээнийхээ дээр ухамсарт сэтгэлгээг мандуулж бүтээл туурвидаг юмуу гэмээр эмгэнэлийн бүтээл нь ч гэсэн цаанаа л гэгээлэг болоод байх юм.

 Нүдэнд шууд тусаад байдаггүй, нууцлагдмал өвчнүүдийн нэг бол сэтгэл мэдрэлийн өвчин. Эдгэрэх нь ховор ийм өвчнөөр өвчилсөн эмэгтэйн тухай эх өгүүллэг нь бол маш гэгээн зохиол юм. Ээжийгээ хүү нь ээжээ гэж нэг удаа дуудах, Солиот эхнэр минь гэж арга баран цөхөрч хэлэх эцгийн үг эх зохиолын гэгээ байв. Гэвч эдгээр гэрэлт чимэглэлүүдийг хасч гол дүр шигээ зохиолыг тэр чигт нь солиоруулж хувиргасан нь харамсалтай. Уран бүтээл нийгмийнхээ итгэл үнэмшлийн туг байдаг тул арай “ТЭНГЭРТЭЙ СЭТГЭ”!

ЖҮЖИГЧИД:
Солиот Эх буюу И.Одончимэг. Хээр хөдөө таарсан газраа хоноглож, хорхой шавж шахуу юу ч хамаагүй юмханаар хооллож явдаг хөл нүцгэн тэнэмэл галзуу хүний нүцгэн биеийг харахад арай л булбарайн дээр шумууланд хазуулсан ганц хялгасан төдий ч сорви харагдахгүй байгаа нь нэг л логикгүй. Дээр нь дээдсийн хүрээллийн эмэгтэйчүүдийн танан цагаан шүд. Энэ кинонд тоглохдоо шүдээ эмтэлж цөм цохиулж, биеэ сийчүүлэлтэй биш. Гэхдээ тийм харагдуулах боломжтой.

Сайхан сэтгэлтэй хүний тухай биш адгуусаас ялгаагүй галзуу солиотой болсон хүн ч гэсэн үрийнхээ төлөө тэмцдэг байгалийн бичигдээгүй хуулийг харуулах нь л гол. Зарим тохиолдолд гэнэт ухаант нүд гаргах нь галзуу хүн болж худлаа жүжиглэсэн цаанаа маш ухаалаг эмэгтэй гэж андуурах хэсгүүдийг алдаа гэх үү, чадвар гэх үү? Адгийн наад зах нь бөмбөрцөг даяар хүлээн зөвшөөрөгдсөн "Порест Гамп", "Ногоон бүс" гэх мэт кинонуудын ойролцоо дүртэй харьцуулж бодов. Харагдах байдал, гарах энгийн үйлдлээсээ эхлээд Солиот эхийн дүр бол чаддагаа хангалттай харуулах, тоглох тоглолттой, жүжигчний хувьд өгөөжтэй дүр. Тиймээс ухаарсан гэнэт ойлгосон, өрөвдөлтэй нүднүүд, тоглолтууд илүү байв. Энэ чинь сэтгэл мэдрэлийн өвчин биш бил үү...

Харин өөрөөс нь гарсан ганц үрээ хулгайлан авч зугтахдаа чонотой тааралдана. Үрээ харамлах эхийн тэр солиорлын харц үзэгч миний харцыг дагз хүртэл нэвтэлж гарах мэт солиотой мэдрэмж өгнө. Энэ харин гарцаагүй жүжигчний ур чадвар.

ЗЭРЭМ БУЮУ Т.БАРХҮҮ
Зураач, нүүр хувиргагчын хүчээр маш өвөрмөгц дүрийг гаргасан. Хэдэн жил өнгөрсөн ч хөмхий зуусан яхир төрх нь хэвээр, зан нь ч хөшөө шиг өөрчлөгддөггүй хэдэр ааштай, Зэрэм л гэж шүүмжлэхгүй бол Т.Бархүү цөөн үгтэй, дүрийг биеийн үйлдэлээрээ чадварлаг тоглож харуулсан. Илүү сайн найруулагч, магадгүй Холливуудын найруулагчийн гарт Т.Бархүүг нухуулж шүүсийг нь амталмаар санагдана.

ЗЭРЭМИЙН ЭХ БУЮУ Д.ЦЭРЭНДАРЬЗАВ
Жаргал зовлон аль аль нь амьдралд нь ширгэж гүйцсэн нэгэн эхийн дүр. Эх л юм болохоор үрийнхээ төлөө гэх сэтгэлээр хүүгээсээ давж сэтгэж байгаа сайн ч биш, муу ч биш ээжийн дүрийг Д.Цэрэндарьзав гуай тун чиг уран бүтээсэн гэдэгтэй бүгд санал нийлнэ байх. Тэр жүжигчний тоглолт үзэгчдийн сэтгэл мэдрэмжийг сэндийчиж чадаж байгаа нь аргагүй л арвин туршлагатай агуу авъяас. Д.Цэрэндарьзав гуайн тоглолт аргагүй л дотор арзайлгаад байна лээ.

ЗЭРЭМИЙН ЭХ БУЮУ Д.ЦЭРЭНДАРЬЗАВ

БОРОО БУЮУ Г.ТЭНҮҮН-ЭРДЭНЭ, Г.ДӨЛГӨӨН-ЭРДЭНЭ
Хүүхэд бол хамгийн сайн жүжигчин юм. Илүү хэтрүүлсэн тоглолт байхгүй бүх мэдрэмжээ өөрөөрөө тоглож дүрээ гаргаж байгаа чадварлаг жүжигчин хүүхдүүдийг хараад Холливуудаас дутахгүй жүжигчид ийм хүүхдүүд юм гэсэн бардамнал төрж тэдгээр хүүхдүүдийг хайрлаж бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байв. Хэний ямар хүүхдүүдийг, хэдийдээ хэн нь тийм жүжигчин болгочихов оо...

БУСАД ТУСЛАХ ДҮРҮҮД
СТА Б.Түвшинжаргалын тоглосон хүний мөсийн дээд гэмээр сайхан дүр, баян эхнэр нөхрийн дүр, мөн бусад массовк буюу хүүхдүүдийн дүрийн сонголт онцгой сайн.

Төгсгөл:
Эцэст нь энэхүү киног үзэгч би сайн кино мөн үү, биш үү гэдэгт хариул гэвэл уйлахаас өөр зүйл үлдээгээгүйнх төлөө “Үгүй” гэж хэлнэ. И.Одончимэг энэхүү бүтээлээрээ үзэгчдийг уйлуулахыг л хүссэн үү? Тийм бол би уйлсан. Уйлчихсанаараа, бас их инээлгэснээрээ сайн кино гэж ярьдаг үзэгчтэй би харин санал нийлэхгүй. Тухайн үед сэтгэл хөдөлгөдөг номер биш, сэтгэлд үлддэг философи, сургамж, тусгаар тогтносон үзэл баримтлал байх ёстой юм кино гэдэг. Гэхдээ хүн бүхний сэтгэлд байх мэдрэмжийг гижигдэж чадах учир энэхүү кино хүн бүхний үзвэл илүүдэхгүй уран бүтээл болж чадсан.

Учир нь хүмүүн гэгч амьтан өөрийнх нь төлөө сэтгэлийг үгүй болсон хойно нь мэдрэхээс дэргэд нь байхад анзаарч мэддэггүй. Үүнийг амжиж "хань минь", гэж хэлээгүй Зэрэм, амжиж "ээж ээ" гэж хэлээгүй Бороо хоёрын цөхрөл харуусал үзэгч таны бодлын төвд харвана.

Амжиж ойлго, амжиж хайрла! Тийм болохоор л “Солиот эх”-ийг үзэж туйлширцгаахад илүүдэхгүй.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин