Философич, Нобелийн шагналтан, Испанийн бичгийн их хүн Жеорж Сантаяана: Түүхээ мэдэхгүй үндэстэн алдаагаа давтдаг тавилантай гэж хэлжээ.

Тусгаар тогтнолыг бэлгэнд авдаггүй, тэмцэж олж авдаг гэж үг бий.

Өнөөдөр дэлхийн 240 гаруй үндэстэнгээс ердөө 193 улс орон нь тусгаар тогтнолын түүхээ баталгаажуулж төр улсаа хүлээн зөвшөөрүүлж чадсан байдаг.

XIX зууны сүүлчээр, түүхээс арчигдан мөхөж буй хэмээн цохон тэмдэглэгдэж байсан Монголчууд төр улсын тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан төдийгүй, ХХ зуунд орчин цагийн үндсэн хууль бүхий төрийн байгуулалттай дэвшин орцгоож, шинжлэх ухаан, соёл гэгээрлийн асар их хувьсал өөрчлөлтийг үндэстнийхээ түүхийн гайхамшигт чимэг болгосон бахдам түүхийг бичсэн билээ.

Манж чин гүрний уналтаар, 1911 оны 12 дугаар сарын 29 нд азид анх удаа төр улсын тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монголчуудын араас Түвд, Хятад улсууд тусгаар тогтнолоо зарлацгаасан байдаг.

Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын санаачилсан Монгол төр, үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсан 50 жилийн түүхийг, олон нийтэд баримтат кино хэлбэрээр толилуулах төслийн шалгаруулалтанд Hero pictures студи шалгарч “Олноо өргөгдсөн төрийн түүх” баримтат киног гал нохой жилийн шинийн гурванд үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Уг кинонд Монголын урлаг спортынхон оролцон тоглож байгаа нь анхаарал татаж байна.

ЕТГын захиалгаар бүтээгдэж буй энэ баримтат кино нь улс үндэстний хөгжин дэвших үзэл санааг сэрээж, асар их үнээр олдсон тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлаж хамгаалах үзэл хүмүүжлийг хүүхэд залууст олгох нь лавтай.

Гүн ухаантан Францын их бичгийн хүн Шарль Дэ Монтески “зуун жилд тэмцэж олж авсан эрх чөлөөгөө нэг л өдөрт алдах аюул үндэстэнд байдаг гэж сануулсан байдаг.

Олон үеийн амь цусаараа олж авсан тусгаар тогтнолоос илүү үнэтэй зүйл гэж байдаггүй атал бэртэгчин үзэл бодол, өнгө мөнгөний шуналд автагдсан энэ нийгэмд тусгаар тогтнол, үндэстний эрх ашгийн үнэ цэнэ үнэгүйдсээр байгаа билээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин