ИЖИДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ
М.Отгонбаяр (Болор цом 35 наадмын тэргүүн шүлэг)

Ижийдээ нас гуйлаа
Зэрлэг улаан сарнаас
Зэлүүд сансрын од бүхнээс
Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс
Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс
Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас
Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс
Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас
Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос
Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс
Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос
Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас
Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс
Ижийдээ нас гуйлаа
Ижийдээ би нас гуйлаа
Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс
Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс
Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас
Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс
Амраглан дурлагч гоо уулнаасаа
Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас
Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс
Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ
Ижийдээ нас гуйлаа
Ижийдээ би нас гуйлаа


ААВ Л ЭЭЖИЙГЭЭ САНААД...
Л.Ганзул

Тэрүүхэн хөтөл давуулж хүүгээ дөнгөж үдчихээд
Тэрэг тэрэг бодол үүрээд түлээнд явсан аав минь
Энүүхэн уулын модод шиг сэтгэл дотроо шаргалтаж
Эль хулийн хорвоод навч шиг бударсан аав минь
Намрын нуурын дэргэд гань тогоруу шиг бүртэлзэж
Намайг санасанаа нууж аргал түүсэн эжий минь
Санаа алдахын салхинд нь уярч үймэрч зангирсан
Шал нойтон тэнгэрийн дор аргалтай норсон эжий минь
Сар жилүүдийн толгод дунд дурсахуйн манан хөглөрөхөд
Салхины дэг эвдэж, аавын минь дуулах бодогдоно
Шувуудын энхрий ганганаа сэтгэлийг минь хөшиж хуурдахад
Суурин энэ л газраас нисэхийн жигүүр дэлгэгдэнэ
Ойрын цэнхэр уулсынхаа онь хөтлийг дурандаж
Молор молор сэтгэлдээ намайг үгүйлсэн аав минь
Орой өглөөн тэнгэрийн мөнхийн араншинг ажиглаж
Морин гүйгүүл бодолд минь хазаар зангидсан аав минь
Хаваржааны бүлээн саравчин дээр элдэв бусыг хуучлах
Шаазгайн шагшрааг тойглон хүүгээн хүлээх ижий минь
Зүггүй салхинд өшигчүүлэн гүвээ даваад ирэх
Дэггүй хамхуул тосоод гүйн алдах ижий минь
Та хоёрыгоо санаад
Шаналан дүүрэн тэнгэр шиг нэвт гуниглан суудаг би
Та хоёрыгоо дурсаад
Саваа хальсан мөрөн шиг хэт үерлэн дуулдаг би
Энүүхэн уулын модод шиг сэтгэл дотроо шаргалтаж
Эль хулийн хорвоод навч шиг бударсан аав минь
Санаа алдахын салхинд нь уярч үймэрч зангирсан
Шал нойтон тэнгэрийн дор аргалтай норсон эжий минь!


НУТАГ
О.ЦЭНД-АЮУШ

Манай нутгийн шувууд
Манан зүсээд нисэлдэж байна
Жаахан жаахан үрсийнх нь далавч
Жагарын орноо орхиод
Хорвоо шиг хоосон манантай
Холилдоод нисч байна
Зунжин тэднийг бөөцийлсөн өндөгний
Зулай шиг эмзэг хальс
Эндэж хагалсан дун шиг
Эвлүүлж болохгүй үзэгдэж байна
Аварга том бүргэдүүд дотроос нь
Амилж ниссэн тэр жижигхэн дэлхийнүүдийг
Амьсгал шиг зөөлөн салхи
Амьдралын альхан зүгт хийсгэх юм болдоо
Хөөрхий
Манай нутгийн буга, согоо
Манан зүсээд зогсож байна
Үрт амьтдын янзага нь
Үнэг чоныг мэдэхгүй
Орчлон шиг оргүй манан дотор
Оч шиг дулаахан унтаж байна
Хавар зуны зургаан сард
Хаданд үрж хурцалсан
Зун намрын зургаан сард
Зулзага янзагаа өмгөөлсөн
Сэргэр тэр сайхан амьтны эвэр
Сэтгэл эвдэртэл сэм унахад
Халиун магнайгаараа манай нутгийн буганууд
Харанхуйтай яаж мөргөлдөх юм болдоо хөөрхий
Манай нутгийн азарга, морьд
Манан дотор янцгаалдаж байна
Цагаан сүүндээ цадсан унаганууд нь
Цагийн хатууг санахгүй
Сүүлээ өргөлдөөд
Сүүдрээсээ үргэлдээд байна
Нүгэлтэй ноцолдсон олон сорвитой
Нүдрүүгээ унжсан хур дэлтэй
Манай нутгийн азарга, морьд
Чимээгүйн дундаас айдас хүйдсийг
Чихээрээ яаж олоод
Олон эмтэлсэн туурайгаараа
Онож тангарах юм болдоо хөөрхий
Манай нутгийн хөх чононууд
Манан дотор улилдаж байна
Цасан дээр мөр үлддэгийг мэдэхгүй
Цагаахан бэлтрэгнүүд нь
Уулын агуйд хэвтэх эхийнхээ
Улаан сарьсан хөхийг дэрлээд унтаж байна
Анхны цасны араас
Авын бүрээ татаж
Гөрөөчид суран ташуураараа
Гөлөмдсөөр хүрч ирэхэд
Зэвтэй сумтай зэрэгцсэн
Манай нутгийн чононууд
Зээртэй хөндийн дундуур зугтахдаа
Сөрөвгөр бэлтрэгээ зуусаар
Сөхөрч унавал яана даа хөөрхий
Манай нутгийн өвгөд, эмгэд
Манан дотор аж төрж байна
Үрийнхээ үрийг үүрсэн эмгэн
Үндсэн дээгүүр алхаж
Хүүгийнхээ хүүг дүүрсэн өвгөн
Хүн чанарыг өвөртөлж
Бурханд хоёулаа мөргөсөөр
Бууралтаж байна
Өнө хожмоо
Өвөөгөө санасан хүү яаж өмөрч
Эмээгээ санасан охин
Яаж эмтэрнэ дээ хөөрхий
Манай нутаг хөөрхий


БИ
Б.Баттулга

Мяралзан урсагч он цагийн гэрэлт буухианаас
Намрын тэргэл цагийг нь олзлон би мэндэлсэн
Манан дунд цэцэгс зүүрмэглэх нь манцуйтай хүү үнэгчлэх шиг
Машид тунгалаг ахуйг тунхаглан би уйлсан
Уйлж мэндэлсэн эртний ерөөлт тэр мөчөөсөө
"Уулын хүү,уулын хүү "гэж цуурайтуулан дуулсан
Учрал хайрын хорвоо ингэж намайг
Уянгын яруу найрагч гэж хайрлан хүндлэх болсон
Тэрлэсэн шүлэг минь нар сарны тохиол,эрхэс оддын совинтой
Тэрлэг гандаах хөх салхи , энгэр жиндээх цэнхэр бороотой
Цангасан адуу дэргээд ирдэг нүдэн булаг,цавчаал дүүлээд нисдэг хүрэн бүргэдтэй
Цалгиж дэвэрсэн халуун сэтгэл, цас борооны гэрэлт жингэнээтэй
Зүрийн өнчин янзага цэцэгс мэгшүүлэн мэхэлзүүлсэн шанд булгийн харгуйтай
Зүс бүрийн амьтныг төрөл тутамдаа хайрлахын халуун агаартай
Зөн совингийн алтан бишгүүрээ аялгуулан татахын гэгээн яруусалтай
Зүйлийн буурал хорвоогийн сүнслэг ахуйд шингэхийн болзоотой
Ээжийн минь хэвлийг оносон хувь заяаны минь гэрэлт сум
Эх нутгийн минь хүйн чулууг нэвт харвасан сонголог туяатай
Эгшиг цацруулан бодох бүр ядрал зүдрэлийг минь мартуулаад байдаг
Элгэн садан ахан дүүсийн минь цусанд харвасан соронзлог хайртай
Доголон нулимстай инээмсэглэх хүүхэд насныхаа сэвлэгний үнэрээр
Долоон үеийн өвгөдөө дуулсан удмын аргамжтай
Буга урамдахад алтан тугал нь болж гүйж очмоор санагдах
Булгилсан их хүсэл, ярууслын торгон мөчлөгүүдтэй
Мяралзан урсагч он цагийн гэрэлт буухианаас
Намрын тэргэл цагийг нь олзлон би мэндэлсэн
Магад яг л ийм гэгээн тодорхой шөнөөр
Бурхадын найрал сонсохоор буцах болно , би
Модны мөчрөөс болжмор зүүрмэглээд ойччих вий гэхдээ
Могой суран чөдрөөр хашиж өвсөн дэвсгэр зассан би
Монголын тунгалаг цус үргэлж дагшин байг гэхдээ
Мойлын төгөлд адуу саатсанд догдолсон би
Дараа хавар дахиад ургана гэсэн
Хөөр баяртайгаар цэцэгс хагдарч байна
Дараа хавар дахиад ирнэ гэсэн
Хүсэл тэмүүлэлтэйгээр шувууд буцаж байна
Угтаж байгаа юм шиг үдэж байгаа ийм цагаар
Учирч байгаа юм шиг хагацаж байгаа шөнөөр ийм цагаар
Дараа төрөлдөө дахиад хүн болно гэсэн
Давилуухан итгэлтэйгээр буцах болно оо, би
Хувь заяаны минь алтан зөрлөг дээр
Илд барьсан дайсан , бийр барьсан хөвүүн ч тохионо
Итгэл хэмээх эвдэршгүй цайздаа тэднийг би адилхан л тосно
Хувь заяаны минь алтан зөрлөг дээр
Хуур барьсан дуучин хутга барьсан дээрэмчин ч тохионо
Худал үнэний ялгал үгүй бодолдоо тэднийг би ижилхэн л угтана

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин