Монголын органик бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Өвөрмонголын Хянган аймгийн төв Улаан хотод 5-р сарын 26-30-ны өдрүүдэд дэлгэгдэж байна. Үзэсгэлэн худалдааг ӨМӨЗО-ы Худалдааны танхим, Хянган аймгийн захиргаа, Монгол Улсын Дорнод аймаг, "Мишээл экспо" компани хамтран зохион байгуулж байна.

Монголоос 100 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцон үндэсний хувцас, ноос ноолууран болон арьс ширэн бүтээгдэхүүн, хивс, гоёл чимэглэлийн болон гар урлалын бүтээгдэхүүн, алт мөнгөн эдлэл, цагаан идээ, борц, хиам, лаазалсан махан бүтээгдэхүүн, ундаа, чихэр, шоколад зэргийг дэлгэн худалдаалж байна. Харин Хятадын талаас Хянган аймаг, хил залгаа нутгаас 30 гаруй аж ахуйн нэгж цагаан будаа, гурил, буурцаг, хүнсний тос, хүнсний бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.

Манай үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ өмнөд хөршийн том зах зээлд худалдан борлуулахаас гадна ижил чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг Өвөрмонголын компаниудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд хийж байна. Мөн цахим сүлжээгээр тус бүсээс захиалга авч, Монголоос бараа нийлүүлэх албан ёсны суваг нээгдлээ. Ингэснээр нутагт нь жилдээ ганц удаа болдог үзэсгэлэнг хүлээх шаардлагагүй амар болж байгааг хилийн чанад дахь "Монголын фэн" худалдан авагчид хэлж байна. Хянган аймаг дахь Монголын үзэсгэлэн худалдаа 2014 оноос эхлэн жил бүр тогтмолжжээ.

Хянганы нурууны нэрээр нэрлэгдсэн энэ аймаг бол ӨМӨЗО-ы 12 нутгийн нэг бөгөөд Монгол Улсын Дорнод аймагтай 126 км зурвасаар хиллэдэг, 1.6 сая орчим хүнтэй том бүс нутаг юм.

Өвөрмонголын нутаг дахь Хянган аймгийн байршил

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин