Төрийн тэргүүний ээлжит сонгуульд нэр дэвшигчид өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авцгаав. Ингэхдээ тэд эгээ л төрийн тэргүүнээр сонгогдоод, ялалтын баяр хийж байгаатай дүйцэм сүржин ёслолоор өрсөлдөцгөөв. Сонгуулийн уралдааны эхний даваа "Хэн нь илүү хөөрхөн бүсгүй дагуулах вэ, хэн нь илүү олон хүнээр хүрээлүүлэх вэ, хэн нь илүү "монгол" харагдах вэ" гэдэг тэмцээн болж өндөрлөв.

МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын хувьд, намбалаг сайхан монгол эхнэрээрээ гоёж, "титэм үгт" ерөнхийлөгч асан Н.Багабандиас ерөөлийн хадагтай сүү гардаж, урлаг соёлын алдартнуудаар хүрээлүүлж, намын туг барьсан дэмжигчдээр фон хийв. Энэ нь түүнийг "бядтай" гэж онцгойруулж харагдууллаа

АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын хувьд, залуу сайхан охиноо хөтөлж, эрдэмтэй буурал Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгээр ерөөлгөж, өвгөд хөгшдөөр бүчүүлж, ташуур барьж, эгнэн жагссан намын дэмжигчдийнхээ өмнө цээжний булчингаа илтэд харуулан алхав. Энэ нь түүнийг "бяртай" гэж илэрхийлэв.

МАХН-ын нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар гэр бүл, монгол дээл, дээхнэ үеийн даргын төрх санагдуулах энгэрийн балаар өөрийгөө чимж, намын цөөхөн гишүүнээ дагуулан даруухан алхав. Энэ нь түүний ядарсан ардын дүрд "попдогч" занг батлан харуулав.

Үнэмлэх гардсан энэ мөч өрсөлдөгч 3-ын тус тусын имиж, өнгө төрхийг ийнхүү илтгэв. Тэдний харуулж байгаа үйлдэл хэдэн шог бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна.

1. Женко ялбал Монгол Улс тэргүүн "охин"-той болох нь.
2. М.Энхболд ялбал даргад бялдуучлагч соц нийгэм рүүгээ ухрах нь.
3. М.Ганбаатар ялбал улс төрийн пиар үнэн утгаараа хөгжих нь.

Мэдлэг боловсрол, ажлын туршлага, ур чадвар, дэвшүүлсэн зорилт хөтөлбөрийн алийг ч тооцохгүйгээр зөвхөн нэг өдрийн өнгө төрхөөс нь хараад сонгогч би алийг нь ч үнэлж чадахгүй нь ээ. 3-ууланд нь амжилт хүсье. Гэхдээ 3-уулаа битгий сонгогдоосой, уучлаарай.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин