Та, өнгөрсөн өдрүүдэд соошл ертөнцөд хамгийн өндөр хандалт аваад байгаа Осоржамаа гэх залуугийн тухай сонссон уу. Түүний “live”-ийг доромжилж, заналхийлсэн сэтгэгдлээр “чимж”, нэг нэгнээ “tag”-лан дамжуулсаар трэнд болтол нь түгээв. Үеийнхнийх нь энэ доромжлолд нийт соошл хэрэглэгчид татагдан орж, нэр алдартай хүмүүс түүний тухай уулга алдаж, сонгуулийн сурталчилгааг ч түүнтэй холбон жиргэж байна.

Осоржамаа Өвөрхангайгаас хотод ирээд зургаан жил болсон, “шорлог” гэх гарал үүсэл тодорхойгүй махыг модоор галлан шарж өгдөг гудамжны худалдаа эрхэлдэг, бага насандаа өнчирч үлдсэн нэгэн аж. Түүний хийдэг live-ийн хандалт монголын оддыг ч давж гарлаа. Тухайлбал нэг удаагийн шууд бичлэгийг нь 1169 удаа хуваалцаж, 112 мянган хүн үзсэн байх жишээний...


Тэр хүү нүүрээ будаж, хиртэй гараа маягтайгаар савлан, нусаа татаж залгиад, сэтгэцийн эмгэгтэй гэмээр зүйлс ярьж, ямар ч хамаагүй дууны үгийг мартсан хэсгээ шууд зохиож дуулж өгдөг. Өөрийг нь доромжилсон сэтгэгдлүүдийг уншаад “Зүгээр ээ би тоохгүй” гээд үргэлжлүүлнэ...

Түүний зарим нэг үгийг сонирхуулахад, “Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй, Худал үг хэлсэн хүнд хонь өшөөтэй гэдэг билүү” гэх буюу “Сонгууль гэж би мэдэхгүй ш дээ” гэж “хэнийг дэмжих вэ” гэсэн асуултанд хариулсан байх жишээний... Тэгснээ “Би та нарт шүлэг зохиож өгөх үү, Адуундаа яваад ирэхэд аяга дүүрэн цай мэлмэрүүлэн байна, эхнэр чинь” гээд гацна...

Соошлд трэнд болсон энэ хүүгийн талаар мэдээллийн тэргүүлэгч сайт news.mn хүртэл сурвалжлага бэлтгэсэн.

http://www.news.mn/?id=961


Цахим ертөнцөд нэгнээ элэг доог болгосноос болж өсвөр насны охин амиа хорлосон хэрэг гараад удаагүй байна. Мөн хэт задгай хэрэглээнээс үүдэн гэмт хэргийн золиос болсон тохиолдлууд ар араасаа бүртгэгдсээр. Осоржамаагийн хувьд соошл хэрэглэгч олон хүний доромжлох, занах, гишгэлэхийн төлөөх зэрлэг сэтгэхүйн өлсгөлөнг нь нэг хэсэгтээ дарж өгсөн өгөөш. Тэд удахгүй уйдаж, түүнийг мартана. Харин энэ давалгаанд хөөрч автсан “соошл эрэмдэгүүд” түүнийг хаа таарсан газар нь хэл амаар доромжлох, зодох, магадгүй хүч хэрэглэн гутаан доромжлохоор анаж суугаа. “Жүжигчин болохыг хүсдэг” гэх түүний ирээдүй цахим ертөнцөд эхэлсэн үзэн ядалтын золиос болж, аюулд өртөхөд ойрхон байна. Өнөөдөр өндөр авахуулан элэг доог хийсэн шигээ энэ хүүгийн ирээдүйг хамгаалж дуугарч чадах уу?


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин