Манлайбаатар Дамдинсүрэнгийн үр хойчист Асашёорюү аварга Д.Дагвадорж орон байр бэлэглэсэн нь сонгууль тойрсон талцалтай энэ өдрүүдэд монгол түмний сэтгэлд гэгээ татуулсан сайхан явдал боллоо.

Эрх чөлөөгөө ханатал эдэлцгээж буй өнөөгийн монголчуудад энэ явдал бас мартсаныг нь сануулж, бүдгэрснийг гэрэлтүүлж өглөө. Энэ бол тусгаар тогтнол ямар үнээр бидэнд ирсэн тухай үеийн үед санаж явах учиртай түүх юм. Мартах учиргүй түүхээс “Манлайбаатар”-ын тухай онцолж сөхье.

Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Манлайбаатар Дамдинсүрэн (1871–1921) Өвөрмонголын Хөл цагаан хошууны Илч сумын занги Жамсран, түүний гэргий Удвал нарын 7 хүүхдийн 5 дахь хүүхэд, 3 дахь хүү болон 1871.03.13-нд мэндэлжээ. Тэр бол 1630-аад онд Халхын Сэцэн хан аймгаас нүүдэллэн Хөлөнбуйрт очиж нутагласан барга монгол түмний үр удам юм.

Дамдинсүрэн бага наснаасаа монгол, манж бичиг сурч, 16 наснаасаа хошууны туслах бичээчээр ажиллаж байгаад авъяас чадвараараа цолгорон хошуу занги болжээ. Хариуцсан ажлынхаа шугамаар 1908 онд Бээжинд очиж Манжийн хаанд бараалхах үеэрээ халхын чин ван Ханддоржтой танилцаж, монголчуудынхаа эв хүчийг нэгтгэн тусгаар улсаа байгуулах тухай анх хэлэлцжээ. Чин ван М.Ханддорж бол Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайжийн шууд удмын хүн бөгөөд Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг билээ.


Эв нэгдлийн түүчээ баргын хошуу занги

Манж Чин гүрнээс туурга тусгаар төр улсаа сэргээн байгуулахаар сэтгэл нэгдсэн монгол ноёд Богд уулын Залаатын аманд нууц зөвлөгөөн хийхэд барга, өвөрлөгчийн төлөөлөгчид оролцов. Үйл хэрэг амжилттай өрнөж, 1911.12.29-нд ар Монголчууд манжийн ноёрхлыг түлхэн унагаж тусгаар тогтнолоо тунхагласан нь монгол овогтон бүхний сэтгэлийг хөдөлгөв. Энэ үед Богд хааны заавар дэмжлэгээр Өвөрмонгол, Хөлөнбуйр, Алшаа, Хөх нуур, Цайдамын монголчууд бүгд манж хятадын дарлалыг сөрөн өндийж, тусгаар улсдаа нэгдэн орохын төлөө тэмүүлж эхэлсэн юм. Богд хаант Монгол Улсыг зарлан тунхагласнаас хойш 100 хүрэхгүй цагийн дараа буюу 1912.01.02-ны өдөр баргын төв Хайлаар хотод баргууд бослого дэгдээн хятад түшмэл цэргүүдийг хөөн гаргажээ.

Хөлөнбуйрын барга түмэн ийнхүү өвөрлөгчдийн тэмцлийн түүчээ болж, харийн түрэмгийлэгчдийг нутгаасаа хөөснөөр тус хязгаар бүхэлдээ тусгаар тогтносон Монгол улсдаа хамгийн түрүүнд нэгдэв. Барга түмэн Дамдинсүрэнгээр ахлуулсан 7 хүнд бичиг өвөртлүүлэн Нийслэл хүрээ рүү илгээж, Богд хаант Монгол Улсын Засгийн газар тэднийг хүндэтгэн угтав. Энэ явдал нийт өвөрмонголчуудыг зоригжуулав. 1912 онд Өвөрмонголын 49 хошууны 35 нь Монгол Улсад дагаар орон нэгдэхээ илэрхийлж, батлах бичгээ Нийслэл хүрээнд өргөн мэдүүлжээ. Өвөрлөгч ах дүүсийн Монгол Улс руу чиглэсэн нүүдэл 1940-өөд оны сүүлч хүртэл үргэлжилсэн юм.

Харъяат ардаа дагуулан тугаа өргөсөөр Нийслэл хүрээнд анхлан ирсэн Ж.Дамдинсүрэнд Богд хаан Улсад туслагч гүнгийн зэрэг шагнаж, Гадаад яамны дэд сайдаар томилжээ. Ийнхүү баргын хошуу занги Дамдинсүрэн Монгол төрийн зүтгэлтэн болсон ба төр түмнийхээ их итгэлийг бүрэн дааж, үлдсэн амьдралаа улсынхаа тусгаар тогтнолын төлөө зориулсан билээ.


Монгол цэргийн манлай баатар жанжин

1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны дараа манжийн цэргийг монгол нутгаас явах шаардлага тавихад хүлээж аваагүй Ховд, Улиастай дахь амбаныг мөхөөн хөөж, баруун хязгаарыг тохинуулах үүргийг Богд хаан сайд С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн, Жа лам Дамбийжанцан нарт даалгав. Тэд хүрээнээс цөөн цэрэг авч, замдаа цэрэг элсүүлэн зохион байгуулалтад оруулж, 1912 оны зун намар баруун хязгаарыг манжаас чөлөөлөв. Онцгой гавъяаг нь үнэлэн Богд хаант Монгол Улсын Засгийн газраас Магсаржавыг Хатанбаатар, Дамдинсүрэнг Манлайбаатар ван цолоор шагнаж, үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжинд өргөмжилжээ.

Дараа жил нь Богд хаан Өвөрмонголыг чөлөөлөхөөр 5 замаар 10 гаруй мянган цэргийг тэднээр удирдуулан өмнө зүгт илгээв. Өөрсдөө дөнгөж тусгаар тогтноод байсан буурай улс ихэнх цэргээ дайнд мордуулна гэдэг асар их хөрөнгө, зориг шаардсан шийдвэр, эх оронч үзлийн дээд илэрхийлэл байв. Богд хааны зарлигт нийт монголчууд, түүний дотроос барга, өвөрлөгч нар баярын нулимс дуслуулан мөргөж “ах дүү ар Монголтойгоо нэгдэв, төр улсаа байгуулав. Одоо нутгаа өмгөөлж яваад нүд анихад сэтгэл хоргодох зүйлгүй” гэж байсан гэдэг. Үнэхээр ч тэд монгол цэргийн эр зоригийг харуулсан юм.

Байнгын бэлтгэл сургуулилттай, өвч зэвсэглэсэн 70 гаруй мянган цэрэгтэй зэвсэг хэрэгсэл муутай цөөхөн монголчууд тулалдсан энэ байлдааныг Монголын түүхэнд "Таван замын байлдаан", Хятадын түүхэнд "Үхэр жилийн үймээн" гэж тодотгон нэрлэдэг. 1913 оны эхнээс 1914 оны дунд үе хүртэл хятадын хар цэрэгтэй хийсэн энэ дайнд цэргийн жанжин, баатар ван Ж.Дамдинсүрэнгийн ур чадвар, арга техник бүрэн танигдсан тухай түүхчид дурьджээ. Манлайбаатарын захирсан цэргийн нэгтгэл нэг удаа ч бүтэлгүйтэж байсангүй.

Өвөрмонголыг чөлөөлөх байлдааны үеийн монгол цэргүүд

1913.08.13. Энэ өдөр баатар ван Долоннуураас ирж буй хэд дахин давуу хүчтэй дайснаа ганц үхэр буу, цөөхөн хурдан буутайгаар Шандын талд угтжээ. Гэвч ялсан юм. Баатар ван энэ тулгаралтад хэрэглэсэн аргаа “Бух чичүүр” хэмээн нэрийдсэн аж. Саргүй шөнийн харанхуйд нутгийн 50, халхын 50 цэргийг жанжин өөрөө удирдан дайсны голоор дайран орж, хоёр тийш буудан нэвт гарчээ. Хятад цэргүүд буу гарсан зүг рүү буюу өөд өөдөөсөө хоорондоо буудалцсаар үүр цайлгасан байна.

1913.08.30. Хүйсийн талд шийдвэрлэх тулалдаан болж, баатар ван мөн л ялжээ. Хөндийн салхины дээр үндсэн цэргээ бүгүүлээд өөрөө Эмгэнт манхан хэмээх толгой дээрээс цэргээ командалжээ. Хятадын генерал Ван Хай Жин их бууныхаа галыг тэдэн рүү галлаж өнжиж. Гэтэл баатар ван туг хиур бариулсан цөөн цэргээрээ ухарч давшиж буй хөдөлгөөн үзүүлэн хуурч, дайсны их бууны галыг эзгүй хээр буулгасан байж. Дайснууд амарч хооллохоор галаа зогсоонгуут монгол цэргүүд түймэр тавьж, салхиар хөлөглөсөн түймэр харвасан сум шиг хуйлран очиж, зугтах завдал өгөлгүй хуйхалсан гэнэ.

Энэ мэт уран чадмагаар цэргээ удирдсан Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч өвөрлөгчдийн хамт ихээхэн амжилт олж байсан ч монголчуудыг нэгтгэхийг эсэргүүцсэн хөрш 2 гүрний шахалтаар Богд хаан аргагүйн эрхэнд цэргээ эгүүлэн татжээ. Энэ байлдаанд монголчууд ялалтын туг өргөж хараахан амжаагүй нь өвөрмонголчууд өөр улсын эрхэнд үлдсэн гашуун түүхийн эхлэл билээ. Монголоос далдуур 1913 онд Хятад, Оросын тал Бээжинд хэлэлцээр хийж, “Монголын тухай тунхаглал” гэгчийг гаргасан байна. Ингэж монголчуудын нэгдэх гэсэн их хүсэл том гүрнүүдийн эрх ашгийн золиос болсон юм.

Цэргээ татан чөлөөлөх байлдааныг зогсооход түүний удирдлага дор байлдаж явсан харчин гүн Бавуужав тэргүүтэй өвөрлөгч ноёд, цэргийн удирдагчид “Ар халхууд биднийгээ хар хятадын саварт орхилоо” хэмээн бухимдаж, бослого үймээн дэгдээсээр эмгэнэлтэйгээр төгсгөл болсон билээ. Харин зарим нь халхтай ахиж ойртохгүй гэсэн болзолтойгоор нутаг хошуу, гэр орондоо буцаж, насан турш хятадуудад адлагдан амьдрах гашуун хувь заяаг үүрсэн гэж түүхчид тэмдэглэжээ. Монголтой нэгдэх гэсэн гэдэг шалтгаанаар ХХ зуунд 1 сая шахам өвөрмонгол хүн хэлмэгдсэн нь ар монголчуудын үүрснээс хэд дахин хатуу тавилан болсон билээ.


Улсаа хамгаалсан ухаршгүй дипломатч

Манлайбаатар Дамдинсүрэн цэргийн гарамгай жанжин төдийгүй Монгол Улсын гадаад харилцааны нэрт зүтгэлтэн байлаа. Тэр 1913 онд Монгол-Төвдийн гэрээ байгуулахад, 1914-1915 онд 9 сар үргэлжилсэн Монгол, Хятад, Орос 3 улсын Хиагтын хэлэлцээрт Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байв. Монголын тал улс үндэстнээ нэгтгэхээр хэр чадлаараа тэмцсэн ч Хиагтын хэлэлцээрийн эцэст 2 гүрний тулган хүлээлгэснээр Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг цуцалж, гадаад Монгол автономит эрхтэй улс болж, өвөрлөгчид хийгээд ихэнх барга түмэн Хятадын бүрэлдэхүүнд үлдсэн юм. Энэ гэрээнээс Оросын тал хамгийн их хожоо олсон гэж түүхчид дүгнэдэг. Монголын тал газар нутгаа ахан дүүстэйгээ алдсан бол Хятадууд гадаад Монголыг алдсандаа гонсгор үлдсэн билээ. Монгол үндэстэн нэгдмэл улс байх ёстой гэсэн Баатар вангийн ухарч няцашгүй хатуу байр суурийг зөөлрүүлж чадаагүй Хятад, Оросын тал удаа дараа шаардсаар түүнийг хэлэлцээрээс гаргаснаар өвөрлөгчид, баргуудыг эзэмшилдээ хялбархан үлдээсэн гэж зарим нь үздэг.

Үүнд хамгийн их хилэгнэсэн Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нарын цэргийн удирдагчдыг автономит эрх хэрэгжүүлэгчид хил хязгаар сэргийлүүлэх, бослого үймээн даруулах нэрийдлээр нийслэлээс холдуулсан байдаг. Мөн 2011 онд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг зарлан тунхагласан гол зүтгэлтнүүд, эх оронч ноёдыг ээлж дараалан хорлож хороосон юм.


Бөхийгөөгүй босоо монгол омогшил

Хэдхэн жилийн дараа буюу 1919.11.22-ны өдөр Монголд дахин хар өдөр нөмрөв. Дотоодынхоо үймээн самууны улмаас Хятадын нутагт эрх мэдлээ алдсан гамингууд цэргийн хүчээр ар Монголын төрийн эрхийг эзэлж, харгис дэглэм тогтоов.

Хүчин мөхөстсөн монгол ноёд тус тусын хүрээндээ 3 нууц бүлгэм байгуулан тэмцэлд бэлтгэсэн нь 2 жилийн дараа Ардын хувьсгалын ялалтад хүргэж, Монгол Улс эрх чөлөөгөө бүрэн олж авсан билээ. Энэ хувьсгал олон тэмцэгчийн амиараа авчирч өгсөн ялалт юм.

Гамингийн эзэрхийллийг сөрөн тэмцэхээр сэм цэрэг элсүүлж, Богд хааны дэмжлэгтэйгээр хөдлөх гэж байсан “Ноёдын бүлгэм”-ийн удирдагч Манлайбаатар ван, Хатанбаатар ван нарыг хамгийн түрүүн баривчилжээ. Монголчуудын нууц ажиллагааг хатуу хянаж байсан Сюй Шү Жан тэргүүтэй хятадын гамин цэргийн эрх баригчид тэднийг 1920.09.11-нд харанхуй гянданд хорьж, хүнд эрүү шүүлт тулган байцаасан авч ганц ч өчиг авч чадаагүй гэдэг. Үүндээ хорссон гамингууд тэднийг өдөр шөнөгүй тамлан зовоож байв. Хүнд бэрх эрүү тамлага, харанхуй хүйтэн нүхэнд ужиг ханиад нь хүндэрсэн Манлайбаатар хоригдсоноосоо хойш 107 хоногийн дараа буюу 1921.01.27-ны шөнө 50 насандаа Нийслэл хүрээн дэх гамингийн шоронд насан эцэслэсэн юм. Хорвоогоос халихдаа тэр хамт хоригдож байсан нөхөддөө “Би хятадын харгисуудын дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” гээд гяндангийн хана түшин босоогоороо эцсийн амьсгалаа хураасан гэдэг.

Монголчууд хаант оросоос тусламж аван Барон Унгернийн дэмжлэгтэйгээр Нийслэл хүрээг чөлөөлөхөөс cap хүрэхгүйн өмнө, Ардын хувьсгал ялахыг харж чадалгүй хорвоогоос халихдаа тэр сүүлчийн амьсгалаараа ч харийн дайсны өмнө өвдөг сөхрөхгүй байхыг нийт монголчууддаа захисан юм. Манлайбаатар Дамдинсүрэн "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь нь амь бие хайргүй зүтгэн үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн гэрээсэлжээ.

Түүний шарилыг оршуулсан тухай тодорхой албан баримт хараахан олдоогүй. Харин, түүхэн үйл явдлыг гэрчилсэн иргэдийн хэлснээр садан төрлийнхөн болон нутгийн олон баргын Сүрэн жанжныхаа шарилыг хошуу нутагт нь оршуулахаар түүний морь хөтөч байсан Лхасүрэн гэдэг хүнээр шоронгоос нууцаар гаргуулж, Нийслэл хүрээнээс жууз тэргэнд тээвэрлэн явсан байна. Одоогийн Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг Үүлэн хан уулын энгэрт, Галуут нуурын хойд талд Шинэ булаг гэдэг газар Баатар ванг бунхлан оршуулсан аж. Гэвч, дараахан нь хил дагуу нутаглаж байсан Орос, Буриадууд шарилыг сүйтгэсэн учир хүү Долсон ясыг нь цуглуулж, Үүлэн хан уулын зүүн суганд тавьсан тухай түүх ч бий. Шарил нь хэрхсэн нь баттай нотлогдоогүй ч Манлайбаатар нас нөгцсөн шоронгийн барилга Занабазарын музейн хойно одоо ч бүтэн бий гэж ахмадууд ярьдаг.

Дорнод аймаг Чулуунхороот сум. Манлай ванг оршуулсан газар

Хэлмэгдүүлсэн хэлтгий он жилүүд

Үндэстнийхээ эрх чөлөө, улсынхаа тусгаар тогтнолын төлөө сөхрөлгүй тэмцсэн Манлайбаатарын гавъяаг өөрийн мэдлээр алдаршуулан дуурсгах он цаг монголчуудад тийм амар ирсэнгүй. Аанай л том гүрнүүдэд өрнөсөн төрийн эргэлт, засаглалын хувьсгалын нөлөөн дор ар, өвөр Монголд их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр нөмөрч, халуун эх орончид, эрдэмтэн сэхээтнүүдээ толгой дараалан хядуулсан билээ.

Баатар ван Ж.Дамдинсүрэнгийн хүсэл зоригийг залгамжилж үлдсэн 3 хүүг их хэлмэгдүүлэлт тойроогүй юм. Том хүү Д.Долсон, бага хүү Д.Уртнасан нарыг буудан хороож, дунд хүү Д.Дампилыг 1938 оноос эхлэн 10 жил хорьж, бүгдийнх нь хөрөнгийг хураажээ.

Баатар ванг нийслэлд алба хашиж байхад ууган хүү Долсон нь хошуу захирагч ааваа төлөөлөн эцгийнх нь туган дор Хөлөнбуйраас дагаар ирсэн харъяат албат хошуугаа хааны зарлигаар олгосон нутагт төвхнүүлэн гэмгүй амьдарч байлаа. Удаах хүү Дампил, отгон хүү Уртнасан нар ноён язгууртны үр гэдгээрээ л адлагдан хэлмэгджээ. Хүүхдүүдийнх нь хүүхдүүд, Баатар вангийн ач зээ нар өнчрөл хагацал, үгүйрэл хоосрол, хавчилт дарамтыг үзэж туулсны дараа хэзээ хойно гурвууланг нь цагаатгасан билээ.

Эгэлгүй эх орончийн үр хойчист ийм хувь тавилан туулуулахыг ямар ч монгол хүн хүсээгүй гэдэгт үл эргэлзэнэ. Гагцхүү, нэг үзлийг магтан дуулсан нийгэм цаг үе бидэнд бие биенээ таньж хүндэтгэх тохиолыг дутуу олгожээ. Гэлээ ч тэртээ зууны өмнөх амьдрал тэмцэл талын салхинд арчигдан бүдгэрсэн ч монгол түмэн Баатар вангийн домог түүхийг үр хойчистоо домоглон ярьж, бахархан дурссаар байна.

Манлайбаатар Дамдинсүрэнгийн зоримог тэмцлийг зохиолч Сономын Удвалын "Их хувь заяа" романаар туурвисан "Хатанбаатар" хоёр ангит түүхэн уран сайхны кинонд монгол түмэн мөнхөлсөн билээ. Цэргийн гарамгай жанжин, төрийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Дамдинсүрэнгийн харъяат хошууны төв байсан нутаг, одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сумын төвд түүний дурсгалд зориулан босгосон сүрлэг хөшөө бий.


Хэлсэн үг

      • Би хар хятад, улаан орос 2-оос Монголоо хамгаалж чадна.
      • Зовлон тоочсон хүнийг эр хүн гэдэггүй. Зовлонг ярьж биш сөрж туулдаг юм.
      • Зовж, жаргасан ч хятадын модон анжис чирч явахгүй шүү хөө. Алдсан оносон ч ар халхынхаа нутаг, Монголынхоо гал голомтыг түшиж ясаа тавина.
      • Би хятадын харгисуудын дэргэд хэвтээгээрээ үхэхгүй, босоогоороо үхнэ.
      • Хэрэв эндээс амьд гардаг юм бол Маймаа /Амгаланбаатар/ хотоос Бээжин хүртэл хүйс тэмтэрнэ.
      • Намайг эгэж ирэхэд Монголын заяа бадарсан байх биз.


Манлай баатарын өчил

…Үхэвч үлдэх ясыг минь хучих шороо Монголынх
Үрэгдэвч үнэнээр минь дурсах хойчис Монголынх
Үрсийн минь зоригийг та нар хугална уу гэхээс нугалж чадахгүй
Үлдэгсдийн минь омгийг та нар халхална уу гэхээс хааж дийлэхгүй

Амь тасравч өртөөлөн эргэх сүнс минь Монголынх
Арга барагдавч аргамжаалан залгах удам минь Монголынх
Ардын минь итгэлийг та нар аргацаана уу гэхээс алдруулж чадахгүй
Аугаа түүхийн мөрийг та нар арчина уу гэхээс арилгаж дийлэхгүй

Би - шаахайн мөртэй шалан дээр тэргүүн дарж нөхцөхгүй
Би - салхин заяат хүлгийн дөрөө жийх шиг босоо одно
Би - харь дайсны өмнө өвдөг бохирч хэвтээ үхэхгүй
Би - харцага шонхор салхи зүсэх шиг өөдөө эцэслэнэ

Өвгөдийн ясаараа сийлж тамгалсныг
Үр удам минь мэдтүгэй гэж би цусаараа чийглэж тодруулав
Үндэс язгуур чинь хөх тэнгэрийн харьяат байгаа цагт
Өнө мөнхийн дардастай тусгаар тогтнолоо сахиж яв, хамгаалж яв…

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин