Сонгууль болгоноор ард түмнээр өрөвдүүлэх тавилттай шоу зохион байгуулж, тэр бүрт ардын баатар болж өргөмжлөгддөг уламжлалаа Н.Энхбаяр энэ удаа алгассангүй.

Нэр дэвших эрхгүйгээ, Сонгуулийн ерөнхий хорооны бүртгэлийн босго давж чадахгүйгээ мэдэхийн дээдээр мэдэж байсан ч зориудаар өөрийнхөө нэрийг ерөнхийлөгчийн сунгаанд оруулав. Бөөрөлхүүлж дээрэлхүүлж, ялагдаж яваа талыг өрөвдөж дэмждэг монголчууд жам ёсоороо түүнийг эвийлэв.

Ганц Н.Энхбаярын эсрэг хоёр том нам хамтраад нухчин дарж байна гэсэн ятгалгад нь автсан гэнэн ард түмэн түүний талын бор халзан хонийг ч дэмжихэд бэлэн болов.

Тавилттай шоу амжилттай хэрэгжиж, өрөвдүүлэх тактик зорилгодоо хүрсэн тул аль хэдийнээ ярьж тохирчихоод байсан жинхэнэ нэр дэвшигчээ гаргаж ирэв. Жоорны хүн нь ноёдын эсрэг боссон Энхбаярын “нугардаггүй нуруу”-г хугалахгүй хүн байх ёстой тул “босоо” хочит Ганбаатар яг тохирсон нь яриангүй.

Энэ мэт ил зорилгоо жаахан нуухын тулд мөн л зориудаар цодгор хүү Н.Баасанхүүгээрээ бас дахин нэг тавилттай шоу хийлгэв. “Н.Энхбаяр л биш бол энхрий хайрт намаасаа нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөхгүй, хэн ч Энхбаярыг орлохгүй” гэсэн зохиомол эсэргүүцлийн зорилго нь аанай л “ноён гуравдагч”-ийг “наамбар ван” (№1) гэж өргөмжлөх.

Нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, хамаг асуудал нэг тийш цэгцрэх хүртэл Энхбаярын нэрийг өргөж мандуулсаар байх зорилго нь биелэх хүртэл “оймсонд хавчуулагдсан цодгор хүү”-гийн үлгэр үргэлжлэх ёстой.

Сонгуулийн улирал бол Н.Энхбаярын “Үлгэрийн оргил цаг” билээ. Өнчин ядуу хүү дарлагдан зовж зовж улсын хаан болдог үлгэр энэ үед ид тэмцэлтэй, өрнөлтэй хэсэгтээ очдог юм. Өнчин хүү ялж төгсдөг ардын үлгэрээ сонсч өссөн монгол зоныг амгалан нойронд автуулах үлгэрчин өөр олонгүй тул сонсох ч, уярч омогших ч дуртайг юугхэв.

Өнөөдрийн үлгэр өндөрлөхөд дараагийн олон үлгэр ээлжээ хүлээн зохиогдож байгаа. Өмнө нь ч ийм байсан, маргааш ч ийм байна.

Үлгэрээ сонсоод, тансаг сайхныг зүүдлээд амгалан нойрсоцгоо, монголчууд аа. Зүүдэнд чинь тэр ялсан баатар, хорчин мангас аль алины дүрээр адал явдал хүүрнэн баясгах болно. Үлгэр жаргахад харин та 20-р зуундаа буцаж очсон байх болно.



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин