LOVE” Монголын уран сайхны киног шүүмжлэхүй
Киноны нэр: LOVE (2017)
Кино студи: YESU FILMS
Найруулагч: Балхжав Чингүүн
Гол дүрд: Ц. Мичидмаа, Ч.Сэлэнгэ, Т.Цолмон
Кино театр: Бүх кино театруудаар

Зохиол:

Өнөөгийн нийгмийн зарим өсвөр насны залуусын хүмүүжлийг Билгээгээр төлөөлүүлж зохиолыг бичжээ. Түүний гэр бүлд гэнэтийн золгүй явдал тохиолдож, ээж аав хоёр нь нас барж дүүтэйгээ хоюул үлдсэнээр үйл явдал өрнөнө. Киноны үйл явдал тэр чигтээ эмнэлэг дотор эхэлж, өрнөж, төгсөх учир зураг авалтын объектууд маш энгийн. Гэхдээ үзэгчийн сэтгэлийг аргамжих улаан шугам тасрахгүй. Зохиол сайн байвал нэг бүтэн уран сайхны киног ганц таксин дотор ч хийж болох юм гэсэн давруу бодол надад төрж байв. Агуулга, хэлэх санаа тодорхой бөгөөд сонирхолтой.


Харин энэ гоё санааг хүчтэй тунхаглах дүрүүдийн текст маш сул. Шүүмж хайж үзсэн үзэгчийн хувьд энэ текст дүрээ тодорхойлж чадсангүй дээ, ингээд хэлчихсэн бол, ийм үйлдэл нэмчихгүй дээ... гэх бодлууд нэлээдгүй төрж байв. Нэг жишээ: Хэзээний л хэдэр ааштай Билгээг унтаж байхад дүү нь сэрээнэ. -Гэр бүлээрээ агаарт гарах тухай сануулах дүүдээ тэр уцаарлаж дэрээ шидэж байгаа үйлдэл гарна. Гэхдээ тийм ч ёс зүйгүй биш бөгөөд байх л ах дүүгийн энгийн харилцаа. Сэрээгээд буцах дүүгийнхээ араас нь дуудаад: -Наад дэрээ аваад өг... гээд нэмчихсэн бол богино хугацаанд бодлоор дамжуулан харуулж байгаа дүрүүдийн харилцаанд ийм мэт бяцхан чимэг дутсан санагдана.


Өнөөгийн амьдралд өдөр бүр тохиолдоод байдаггүй амьдралын хурц зөрчлөөр дамжуулан өдөр тутам хүний амьдралд дутагддаг хүний сайхан сэтгэлийг зэрэгцүүлэн бас уралдуулан урласнаасаа энэ кино өнөөдрийн онцлох бүтээл. Зохиолыг нь найруулагч Б.Чингүүн бичсэн. Тэр богино болон бүрэн хэмжээний бүтээлүүдийнхээ зохиолыг өөрөө бичдэг онцлогтой.


Найруулагч:

Бээжингийн драмын төв академийн сургууль бол дэлхийд алдартай олон уран бүтээлчдийг бэлтгэдэг том сургууль. Монгол улсаас өмнө нь 8 хүн суралцсан бөгөөд 9 дэхь төгсөгч нь Б.Чингүүн. Иймээс түүний 8 дахь уран бүтээл болох “LOVE” уран сайхны киног онцолж, зорьж үзсэн хэрэг. Сүүлийн үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын нэг болох “ТАНХАЙ ТЭЭГЧ”-ийн найруулагчаар ажиллахаас гадна өөрөө зохиолыг нь бичиж найруулсан, нэрээрээ овоглох нэлээдгүй бүтээлтэй “Зүрхэнд гэрэлтэх од”, “Амьдралын амт”, “Мама мияа”, “Дуудлага”, “Учрал”, “Өртөө”, “Аз жаргал” гэх мэт. Б.Чингүүн, бүх төрөл жанраар бүтээлээ хийж өсч яваа найруулагчдийн нэг.

Хэлбэрийн шүүмж

  • 1.Уг бүтээлийг үзэгчдийн оюун санааны оройд чирч аваачих чухал зүйл бол хөгжим. Харин эсрэгээрээ хөгжим агуулгандаа чирэгдсэн байв. Найруулагчийн аав нэрт ая зохиогч Л.Балхжав хөгжмийг нь бичээд өгсөн бол миний хүсээд байгаа зүйл гарах байсан болов уу.
  • 2.Эх хүнийг төгс утгаар нь харуулах дүр бол Өгөөмөрийн ээж байлаа. Харамсалтай нь маш сулбагар дүр болоод зогсохгүй дүрийн сонголт огт зохицоогүй. Мөн аавын дүр ялгаагүй. Шийдэмгий бус хий дэмий эмнэлгийн коридорт санаа зовсон тэмцэлгүй хүмүүс харагдана. Ээж аав хоёрын дүрийг харахдаа жүжигчин МУГЖ О.Бат-Өлзий, С.Сарантуяа нараар төсөөлж бодов. Эдгээр жүжигчид үзэгчийн сэтгэлд хүртэл тоглох байсан болов уу.
  • 3.Эмчийн дүрд жүжигчин Сувидын Баттулга тогложээ. Дүртэйгээ зохицоогүй гэх үү, дүрээ гаргаагүй гэх үү ямартаа ч буруу сонголт байв. Интермед эмнэлгийн мундаг эмч иймэрхүү ааштай, мэргэжлийн философигүй гэж харагдахаар хүн байдаг юм боловуу гэж бодогдох. Тэр өөрт оногдсон дүрийг маш сайн гаргаж чаддаг хэдий ч энэ дүрийг төгс илэрхийлж чадсангүй. Ар гэрийнх нь амьдралыг, ажлынх нь онцлогтой тодорхойлох энэ эмчийн дүр уг нь гоё дүр. МУГЖ Г.Золбоот, эсвэл УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар нарын нэг энэ эмчийн дүрийг сайн харуулах байсан юм болов уу.
  • 4.Золгүй явдалаар амь эрсэдсэн Билгээгийн аав, ээж хоёрт ямар ч ах дүү хамаатан садан байхгүй юм шиг ойлгогдох нь үнэмшилгүй. Ялангуяа сайн муу үйл явдал бүрт бараа, бараандаа ойрхон байдаг элгэмсэг Монголчуудын хувьд энэ нь үзэгч намайг эргэлзээнд оруулж байв. Өөр туслах дүрүүд орж ирүүлэх шаардлагагүй бол энэ гэр бүлийн дөрвөн гишүүнээс өөр хүн үнэхээр байхгүй байж болох шалтгааныг үзэгчдэд ойлгуулаагүй.

Mongolian Next Top Model шоуны оролцогч Т.Номин-Эрдэнэ туслах дүрд тогложээ

Дүрүүд:

Анхжин: Дүрийн сонголт, жүжигчний тоглолт өөлөх юмгүй. Анжинг харах бүрт хүүхэд л хий худлаа тоглолтгүй, өөрөөрөө тоглож чадах агуу жүжигчин юм байна гэсэн бодол төрж, хайр хүрч байлаа. Энэ дүрийг бүтээсэн Ц.Мичидмаа гэх бяцхан охин өмнө нь “Он цагийн эрэлчид”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, “Аз жаргал”кинонд тоглосон төдийгүй 2017 онд Дэлхийн гүнж тэмцээний тэргүүн байрын эзэн болж урлагийн ертөнц дэхь замналаа эхлүүлжээ. Түүний авъяас чадвар, цаашдын замналд үзэгчийнх нь хувьд би амжилт хүсмээр санагдана. Түүний бяцхан нуруун дээр ахадсан уран сайхны агуулгыг үүрүүлсэн. Гэхдээ тэр чаджээ.

Өгөөмөр: Гоо үзэсгэлэн, сайхан сэтгэл цогцолсон сахиусан тэнгэр гэмээр дүр. Зүрхний хүнд өвчтэй бөгөөд өөрт нь маш богинохон амьдрал үлдсэнийг тэр өөрөө мэдэрнэ. Энэ үед осолд ороод нүд нь харахгүй болсон бяцхан охин Анхжин түүний өрөөнд хэвтсэнээр эгч дүүгийн хайрын шинэ харилцаа үүснэ. Үүлнээс биш урдах дэлгэцнээс үзэгчийн сэтгэлд энэрэлийн хур шиврэх мэт нандин мэдрэмж төрүүлсэн хэсгүүд тасралтгүй өрнөж байв. Анхжингийн нүдний боолтыг эвлэгхэн тайлж буйг хараад би түүнийг сувилагч байсан юм боловуу гэж эргэлзсэн. Гэхдээ энэ мэт жижиг үйлдэлийг цагаатгасан зүйл бол түүний дүрээ тод илэрхийлэх ур чадвар байсан юм. Дүүгээ тэврэн уйлж байгаа Билгээг харсан Өгөөмөр байтугай үзэгч та ч өрөвдөж хайрлана. Хайр тэндээс эхэлнэ.

Зурах авъяастай Өгөөмөр Билэгээг дүүтэйгээ бүжиглэж байхыг харан нүүрний энгэсэг ашиглаж зурахдаа өөрийгөө орлуулж зурав. Түүний хайрыг тийм уран илэрхийлэх найруулагчийн онцгой мэдрэмжийг онцолмоор байна. Анхжингийн хагалгаа амжилтгүй болоход түүний донор болох хүсэл Өгөөмөрт төрж эхэллээ. Бусдад ертөнцийг харах нүд өгч ирээдүй бэлэглэхээс илүү өгөөмөр сэтгэл гэж үгүй. Эмнэлгийн гадна Билгээтэй хоюулхнаа сууж ярилцах мөч олдсон тэр үдэш үзэгч та Өгөөмөрийг Билгээгийн өмнөөс тэврэх хүсэл төрнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Харамсалтай нь үзэгчийн хүссэн тийм зүйл болсонгүй. Тиймдээ л энэ кино үзэгч таны зүрхэнд мөнхрөх уянгын романтик драмын бүтээл болсон байна. Анхжинд нүд хэрэгтэй. Өгөөмөрт зүрх хэрэгтэй. Харин Өгөөмрийн зогсох нь ойртож буй зүрхэнд эр зориг дүүрэн бий. Хоюуланд нь амьдралд хэрэгтэй.

Өгөөмөрийн дүрийг бүтээсэн жүжигчин Ч.Сэлэнгэ нь УДЭТ-ын Ромео Жулета жүжгийн Жулетагийн дүрийг бүтээсэн чадварлаг залуу жүжигчин. “18 нас”, “Би чамд хайртай”, “Аз жаргал” кинодуудад тоглосон бөгөөд энэхүү кино нь түүнийг жүжигчний карераа нэгэн шатаар ахиулсан амжилт боллоо.

Билгээ: Гэнэтийн золгүй явдал түүний амьдралд хандах хандлагыг эрс өөрчлөөд зогсохгүй хүн бүхэнд байдаг сэтгэл гэгч нандин эрхтэнийг нь сэрээж өгөв. Дүүд нь хэрэгтэй нүд, Өгөөмөрт хэрэгтэй зүрх түүнд байгаа. Хамгийн чухал нь Билгээд Өгөөмөрөөс илүү давж бодох хүн чанарын туйл зүрх сэтгэл байгаа. Зөвхөн уран сайхны бүтээлд нь байх боловуу гэмээр амьдралаас хол шийдвэрийг тэр залуу гаргана. Хүнд ийм сэтгэл байж болохыг харуулж болдогоороо урлаг гайхамшигтай.

Маск продакшны залуу жүжигчин Т.Цолмон анхны уран сайхны кинондоо гол дүрд тогложээ. Адилтгах зүйлгүй, түүний анхны дүр болохоор Т.Цолмонг амьдрал дээрээ яг л Билгээ шиг залуу боловуу гэсэн бодол төрж үлдсэн. Автын ослоос эмнэлэгт сэрэхдээ галзуурсан мэт орилж буйг харах нь үнэмшилгүй санагдсаныг эс тооцвол нүдэнд дулаахан, царайлаг төрхтэйн дээр тэр үнэн тоглолттой чадварлаг залуу жүжигчин юм.

Хүн гэгч адгуус ямар ч хүмүүжилтэй, хүсэл мөрөөдөлтэй, зөв буруу үйлдлүүдийн эзэн байж болно. Үүний цаана хүн бүхэнд адилхан байдаг нэг чухал, нандин зүйл бий. Энэ киноноос тэрнийг үзнэ.

Авто ослын шалтгааны тоог ихэсгэж байгаа нэг үйлдэлийг замын цагдаагийн газраас байнга тайлбарладаг ч уг шалтгааны тоо буурахгүй байна гэсэн мэдээг би өчигдөрхөн үзсэн юм. Яг энэ шалтгааныг агуулганд шууд тусгаж өвөрмөгц ойлгуулсанаараа нийгмийн хариуцлагын шинжтэй уран бүтээл.

Үлгэрт итгэж хүмүүждэг, түүний баатар нь болж зүүдэлж өсдөг хүүхдийн хүсэл хамгаас хүчтэй. Хүүхэддээ үлгэр уншиж өгч байгаарай. Үлгэр жаргаж төгсдөг. Таны амьдралын төгсгөл ч гэсэн үлгэрийн төгсгөл шиг байх ёстой. Гагцхүү танаас шалтгаална.

Секс палан, үнсэлт, сайхан хүүхний хөх, садар үйлдэл үзүүлэлээгүй мөртлөө LOVE санаагаа 90 минутын турш өөрөөр илэрхийлж чадсан клип шиг уран сайхны кино. Уран сайхны кино шиг клип.

Амийг амиар, амьдралыг амьдралаар аврах залуугийн шийдвэр, тэр айдсыг давах хүчин зүйл юу байж болох уу...

Хүний амь зүрхэн дээрээ тогтдог. Харин хүний зүрх сэтгэл дээр хайр тогтдог. Зүрх сэтгэл дээр бүр амьдрал тогтдог юм. Өрнөлөөс өрнөлрүү тэмүүлж оргилдоо хүрч төгсөх “LOVE” уран сайхны киног та үзээд сэтгэгдлээ бичээрэй. Би дахиж үзнэ!


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин