Та бид жижигхэн хэмжээний төрөл бүрийн 3D хэвлэгчтэй хэзээний танил болсон билээ. Харин саяхан нэгэн компани бүхэл бүтэн байшинг 3D хэвлэгчийн тусламжтайгаар ердөө 24 цагийн дотор босгосноо зарласан байна. Өөрөө хэлбэл Орос улсад 37 кв.м амины сууцыг ердөө л 24 цагийн дотор өртгийн хувьд $10,000-оос нэг их ихгүйгээр бүтээн босгож чаджээ.

The Telegraph-ийн мэдээлж буйгаар Apis Cor компани Оросын болон Сан-Францискогийн 3D мэргэжилтнүүдийн тусламжтайгаар зөөврийн хэвлэгч машин ашиглан газар дээр нь амины орон сууцыг хэвлэжээ. Та бүхэн санаж байгаа бол 2015 онд Хятад улсад дэлхийн хамгийн анхны 3 хэмжээст хэвлэмэл орон сууц баригдаж байсан. Байшингийн деталь бүрийг тусгай үйлдвэрт хэсэгчлэн хэвлээд, дараа нь барилга барих газар аваачин холбож угсардаг өмнөх технологи шийдлээс энэ удаагийн Apis-ийн онцгой давуу тал бол шууд тухайн байшин баригдах газарт нь хэвлэн босгодог зөөврийн хэвлэгч машин гэдгээрээ ялгарна.

“Байшинг эхнээс нь дуусах хүртэлх бүх хэвлэх үйл явцад хэвлэгч машин яг 24 цагийг зарцууллаа” хэмээн компанийн зүгээс мэдэгджээ.

Байшингийн хана, хуваалтууд, дугуй доторх бүрэлдэхүүн хэсгүүдийг бетон хольц бүхий зуурмагаар хэвлэжээ. Суурь хана хэвлэгдэж дуусмагц хэвлэгчийг кранаар өргөн байшингаас гарган авч үлдсэн дээвэр, дотоод засал чимэглэл, эд хогшил, тавилга, цонх, гадна будаг зэргийг нь нэмсэн байна.

Байшингийн нийт өртөг ердөө $10,134 болжээ.

Тус компани энэхүү байшинг 175 жилийн настай гэж тодотгосон ажээ. Apis Cor компанийг үндэслэгч 3D байшин хэвлэгчийг зохион бүтээсэн Никита Чен-Юн-Тай өөрийн хүсэл эрмэлзэлдээ бүхнийг автоматжуулах хүсэлтэйгээ хэлсэн байна.

Тэрбээр “Дэлхий дээрх хүн бүрт амьдрах орон сууцаа сайжруулахад нь бид туслахыг хүсэж байна. Тиймээс барилгын үйл явц хурдан, өндөр үр ашигтай бас чанартай байх учиртай. Үүний тулд бүхий л хүнд хүчир ажлыг ухаалаг машинуудад даатгах хэрэгтэй” гэжээ.


Apis Cor бүхэл бүтэн байшинг газар нь дээр нь зөөврийн 3D хэвлэгчээр хэвлэн босгох боломжтой дэлхийн анхны компани хэмээн өөрсдийгөө тодотгон зарласан билээ.

Мэдээж одоогоор ийм технологийн хэрэглээ тун бага байгаа хэдий ч энэ мэт технологи барилгын салбарт хүчтэй нэвтэрч эхэлбэл асар өндөр үнээр хэдэн зуун саяар худалдан авдаг байсан барилгууд ердөө хэдхэн мянган долларт багтан босох боломжтой болж, үүнээс улбаатай барилгын салбарын томоохон хувьсал, үнийн огцом уналтын давлагаа бий болох ч магадлалтай. Ийм хямд байртай болох сая сая хүмүүсийн хүлээлтийг хязгаарлан, барилгын салбарын хувьсгалыг хэзээ хийлгэх эсэх нь олон их наядын орон сууцны моргэжийн бизнесээс гол санхүүжилтээ авч байдаг Америкийн банкны салбарынхны бодлого, ашиг сонирхолтой ч холбогдож таарна.

Манай залуус ч гэсэн бусад улсын хөгжилтэй уралдан өөрсдийн үндэсний уламжлалт Монгол гэрээ яг энэ технологийн дагуу улам сайжруулан өөрсдөө хэвлэдэг болчихвол байгаль экологидоо ч тэр, барилгын салбартаа ч бас маш том өөрчлөлтийг авчрах биз ээ.

Эх сурвалж: themindunleashed.com

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин