Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн тэнэглэл гэмээр үйлдэлүүд өнгөрсөн долоо хоногт эзнээ ТРЕНД ХҮН-ээр тодортол нь “шидэв”. Тэр ёстой од мэт харвав. Долоо хоногт бүү хэл ийм сангийн сайдыг ардчиллын түүхэнд хараагүй ард түмэн бид нь амаа хөштөл мэлийв. Төсвийн тодотголын хэлэлцүүлэгт сайдын яриаг бичсэн танхимын камерууд амьтайсан бол ичсэндээ хага хага үсрэх байв. Зурагтаар үзсэн жирийн иргэд гурван шөнө сэрүүн унтав. Улсын сангаа ийм түшмэлд даатгачихаад эдийн засаг сэргэнэ, амьдрал дээшилнэ гэж итгэж суух иргэн үлдсэнгүй.
Түүний трэнд үйлдэлүүдийн зах зухаас:

-Тэрбээр гадаад түншдээ зориулж 2,7 их наядын алдагдалтай төсөв батлуулав
Чойжоо: ОУВС-ынхан бидэнд болгоомжлуулж захисан. Захирлуудын хурлаар оруулахад алдагдалтай төсөвтэй байх ёстой шүү. Тэгж байж танай улс зээл авах боломжтой гэж хэлсэн.
Ч.Хүрэлбаатар: ОУВС худлаа төсөв батал гэж хэлсэн юм уу. Тэдний захирлууд гэж хэн юм? Тэдэнд таалагдах гэж бид худлаа төсөв батлах ёстой юу? /УИХ-ын чуулганы хуралдаан/

Ер нь үүнээс нь ургуулан бодвол сонгуульд ялахын тулд Б.Чойжилсүрэнгийн ярьсан бүхэн нь худлаа болж таарах нь уу дээ.

Түүний мэргэн санаанд ийм л зүйл бууж. Алдагдалтай төсөв батлахын тулд сайд нарын багцыг 200 тэрбумаар нэмэгдүүлсэн. Мах сүүний гэх мэт боловсруулж, батлаагүй төсөл хөтөлбөрүүдэд их хэмжээний мөнгө суулгасан. Хэн ч юу ч бариад ороод ирж мэднэ, дэмжих мөнгөтэй байх нь чухал. Гэхдээ хэмнэсээн. Хүүхдийн мөнгийг нэн ядуу 40 хувьд нь л олгохоор шийдвэрлэсэн. Будаа агшаагчтайгаараа баяны тоонд орж хасагдсан хүүхдүүдэд өгөх байсан мөнгийг хоолны талон болгоод, бүүр нэн ядуу өрхүүдэд тараах болсон. Тэгээд Монгол улсаа гуйлгачин хэмээн өрөвдүүлэх тактик хэрэглэж зээлээ авна. Энэ бол сангийн сайдын маань оройгүй мэргэн санаа.

-Төрийн данхайсан бүтцийг ингэж багасгана...
Төрийн албан хаагчдын тоог бууруулна. Ингэхдээ багш, эмч, цагдаагаас тэтгэвэрт гарсан хоёр хүний оронд нэг хүнийг ажилд авах замаар багасгана. Дэд сайдууд болон тэдний зөвлөхүүд, туслах, нарийн бичиг нийлсэн хэдэн хүнийг цомхотговол их асуудал шийдэгдэх бололтой. Харж л сууя.

Долоон төрлийн татвар нэмэгдүүлсэнээр төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого хуримтлагдана. Энэ бол сайд нарын хангамжийг дээшлүүлэхэд зарцуулсантай тэнцэх хэмжээний мөнгө. Иргэдээс нэмж авсан татвараар сайд нарынхаа богцыг юүлэх мэт.

-Сангийн яам сайдынхаа хувийн машинд түлш хийж өгдөг
Аудитын шалгалтаар Б.Чойжилсүрэн сайд хувийн машиндаа улсын мөнгөөр түлш хийдэг нь илрэв. “800-хан мянган төгрөгийн асуудал шийдчихэж чадахгүй, хэл ам таталлаа” гэж нүдээ эргэлдүүлэн загнасан байх. Ухаангүй ноёны урагшгүй албатууд гэж харагдах яманыхан яаран сандран хэвлэлийн хурал зарлав. Түүний гарын хүн болох Х.Энхбаатар “Яамны хэмжээнд ганц Старекс маркийн туулах чадваргүй, тав тух муутай машин л байдаг. Тиймээс даргын хувийн машинд нь шатахуун хийж өгч хөдөө явуулсан” гэж өмөөрсөн. Чойжоогийн 25 компаниас эзнийхээ машинд шатахуун хийгээд өгчих сэтгэлтэн алга. Сайдад өөрт нь төрөө гэх сэтгэлийн үнэр ч алга.


-Чойжоогийн компаниуд татвар төлөгч эхний 100-д багтаж үзээгүй
Сангийн сайд 2014 онд 4 тэрбумын орлогоороо төрийн албан хаагчдыг манлайлж байсан. Өнгөрсөн жилийн хувьд өөрийн орлого нь 1 тэрбум 380 сая хүртлээ буурчээ. Түүнчлэн 431 саяар үнэлсэн тансаг орон сууцандаа, нэг тэрбум, 400 саяын дүрмийн сантай 25 компанидаа хувь эзэмшсэн хэвээр. Жил ирэх тусам түүний орлого багассан үзүүлэлттэй. Багассан ч гэж дээ, нуусан л болов уу...

Харин шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Чойжоогийн нэг ч компани түүхэндээ орж байсан удаагүй. “Ноён пицца”, “Номинфүүдс”, орон нутгийн хэд хэдэн хувийн компани улсад төлдөг татвараараа эхний зууд ороод байхад эрхэм сайдынх бараа сураггүй.

-Чойжоогийн бүтээн байгуулалт: Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг атгасан Увсын бүлэглэлийн тэргүүний хувьд хотын ашигтай гэх бүх байрлалд орон сууцны хамгийн том хорооллуудаа, зочид буудлаа, оффисын зориулалттай барилгаа барьсаар л байдаг. Авсан газрууд нь ихэнх нь маргаантай, эсвэл хориотой бүсэд хамаардаг гэх мэт асуудал үүсч гацдаг ч үүнийг амьдралын хар ухаантай сангийн сайд маань л хөдөлгөөнд оруулж чаддаг. Тийм бол бурханы хүчтэй.

-Фэйсбүүк, твиттер хэрэглэгчид түүний тухай:


Ямартай ч өнгөсөн долоо хоногийн хувьд Чойжоог онилсон олны анхаарал сулраагүй л байна. Тэд ийм хүнийг сангийн сайд болгосон МАН-ын эрх баригчдыг буруушааж байгаа. Чойжоо МАНайхыг муухай харагдуулж байна гэх намын гишүүд нь уурсаж эхлэв. Харин одоо төсөв баталсан, та нар яаж ч эсэргүүцээд нэмэргүй. “Чойжоогийн баг явж л байдаг, жингэр хуцаж л байдаг”. Аажимдаа мартагдаж, ахин өөр сэдэв тренд болж гарч ирэх нь нийгмийн хууль.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин