Тэр бол дүрмээр тоглогч биш, дүрэм зохиогч. Түүний амьдрал улстөр. Тэр амьдралдаа дүрмийн дагуу нүүдэл хийсэн нь тун ховор болов уу. Хэгжүүн, зэвүүн, шазруун дүр төрх бол түүний хэв шинж, стиль имиж. Улс төрд стандарт бус байдлаар ханддаг нь С.Баярыг лидерийн хэмжээнд үнэлэгдэх болтлоо таниулсан ч стандарт бус байдал нь эргээд түүнийг улс төрийн хулигаан гэж хэлэгдэхэд хүргэнэ.

Багадаа ч сахилгагүй, зодоон цохионоос буцдаггүй, дөчин мянгатын атаман биш гэхэд хулигаан гэж хэлэгдэхээр нэгэн явсан гэдэг. Хутга шөвөгний хэрэгтэй холбогдож байсан тухай ч яриа бий. Түүний ээж нь биологийн ухааны доктор, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Дулмаа гуай юм. Боловсролтой айлд өсч хүмүүжсэн тэрбээр орос хүмүүжилтэй гэх сэтэр байнга дагадаг.

Орос-школтой түүний ажил мэргэжил Төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн болсноор эхэлжээ. Цаашид зааварлагч, Жанжин штабт офицер, МОНЦАМЭ агентлагийн “Монголий-Новости” сонины сэтгүүлч, редактораар ажиллаж байв.

Тэрбээр Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайдаар 2007 оны 11 дүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1%-ийн саналаар сонгогдож байсан түүхтэй. Харин түүний МАН-тай холбогдсон түүх нь 1988 оноос эхэлдэг. Тухайн үед С.Баяр МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редакторын үүргийг гүйцэтгэдэг байжээ. Гэхдээ түүний үндсэн мэргэжил хуульч. Тодруулбал, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн байдаг.

МАН-д элссэн даруйдаа МРТУХ-д сэтгүүлч бөгөөд "Залуучууд" нэвтрүүлгийн хамтран хөтлөгч, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Харин зарим нэг нь санаж байгаа бол тэрбээр 2008 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улиран сонгогдсон ч элэгний өвчтэй хэмээн 2009 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан. Хардах эрхтэй ард түмэн харин энэ үйлдэлийг нь 2008 оны 7-р сарын 01-ний үймээнээс нэрээ салгах мэргэн нүүдэл байсан хэмээн хардах нь ч бий. Түүнээс хойш тэрбээр дахин нэр дэвшиж, улс төрийн томоохон албан тушаалыг хашаагүй юм. Гэвч яагаад ч юм тэр өнөөдөр Монголын хамгийн том олигархи хэмээн ард түмэнд хэлэгдэж, МАН-ын нөлөө бүхий эрхэм болсон. Бүрэн эрхээ дуусгаагүй ажлаа өгөхийн өмнө нийтдээ 23 сарын турш засгийн газрын тэргүүнээр ажилласан. Энэ хугацаанд зургаан жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Төрийн таван төгөлдөршил”, Тавантолгойг “Энержи Ресурс”-д өгөх, “Атрын аян 3”, Уран ашиглалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх гээд цөөнгүй ажил эхлүүлж, гүйцэтгэжээ. Одоо тэрбээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүнийг намынхаа сонгуулийн штабыг чадварлаг удидсаных гэлцдэг. Сонгуулийн дараа түүнийг Монгол Улсаас Их Британи, Умард ирландын нэгдсэн вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилсон нь намынхнаас нь түүнд бэлдсэн “бэлэг” хэмээн олон нийт жиг жуг гэлцээд авсан.


Гэвч түүний араас маш олон хардлага, сэрдлэг дагаж байна. Өөрөө ч үүнийгээ “Би нохой шуугиулж явсан хүн дээ. Одоо ч шуугиулсаар л байна” гэж хөөрөлхсөн удаатай. С.Баярыг улс төрийн хүрээний нэр цэвэр, боловсролтой, шударга цөөхөн эрхмүүдийн нэг хэмээн үнэлдэг байсан цаг тун саяхан. Гэвч 2014 онд түүнийг АНУ-ын хамгийн дээд зэрэглэлийн дүүргүүдэд хэд, хэдэн хаус эзэмшдэг тухай дэлгэгдэж түүний байшингийнхаа гадаа зүлгээ услаад зогсож буй зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэрбээр энэ тухайгаа 2016 оны дундуур сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтлөн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо“потошопчдын тун муу эвлүүлэг”хэмээн үгүйсгэсэн байдаг.

Харин тун удалгүй эдгээр байшин бол минийх биш, миний охины үл хөдлөхийн бизнес гэж том улайсан. С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, их хэмжээний авлига авсан, АНУ-д нийт долоон байр худалдан авсан гэж буруутгадаг нь үнэний хувьтай байх магадлал маш өндөр. Учир нь С.Баяр насаараа төрийн албан хаагч байсан эрхэм юм.

Тэрээр УИХ-ын гишүүнээр дөнгөж сонгогдох үедээ орлогоо 5.3 сая төгрөгийн хөрөнгө мэдүүлж байжээ. Гэтэл ерөнхий сайдын албыг хашаад жил гаруй болсны дараа өнөөх хөрөнгө нь 20 дахин өсөөд 109 195 000 төгрөгт хүрчихсэн байсан нь олон хүний гайхаш төрүүлсэн. юм. 25 дахь ерөнхий сайд маань хамгийн сүүлийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн гэсэн машингүй, адуу малгүй, ямар нэг лицензгүй гэж тайлагнажээ. Гэхдээ тэрбээр Сансар кабелийн ТВ-ийн үүсгэн байгуулагч, “Палас” ХХК-ий хувьцаа эзэмшигч гэнэ. Энэ нь өөрт нь хангалттай байдаг тухай ч нэгэн удаа ярьж байсан билээ.
Ерөнхий сайд байх богино хугацаандаа хийсэн олон том ажлынх нь дундаас Ураны ашиглалт, хадгалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил олон сэтгүүлчдийн анхаарлын бай болдог. Цөмийн эрчим хүчний тухай хуулийг яаран батлуулж, Орос, Япон, Франц зэрэг цөмийн энергийн том төлөөлөл улстай ойр ойрхон гэрээ хэлцэл, уулзалт хийж явсан нь дээрх гэнэтийн их хөрөнгийн эх үүсвэр байж болох тухай сэтгүүлчид хардсан байдаг.

Улстөрийн албан тушаалаас холдсон ч тэр улстөрөөс холдоогүй. Хулигаануудад хүмүүс дургүй. Тэр амьдралаас хол тасарсан улстөрийн хулигаан мөн үү биш үү. Монголын ард түмэн дүрэмд захирагддаггүй, дүрэм зохиогч олигархиудын тоонд яагаад түүнийг оруулж ярих болов. Тэр олигархи мөн үү, биш үү...?

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [66.181.186.33]   10-р сарын 06, 2018
novsh hulgaich banzal yanhan
Зочин