Mиний Нууц Монголын Уран Сайхны Киног шүүмжлэхүй

Киноны нэр: МИНИЙ НУУЦ (2017)

Зохиолч: Г.Ганцэцэг, А.Ганчимэг
Кино студи: ХУВЬСАЛ продакшн
Найруулагч: Дашхүүгийн ГАЛБАЯР
Гол дүрд: У.Уранчимэг, Ц.Цэрэнболд, Б.Билгүүн
Кино театр: Бүх кино театруудаар


Зохиол:

Хувьсал продакшны бүсгүйчүүд өөрсдөө зохиол бичдэг бөгөөд 5 дахь киноны зохиолоо мөн л Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар бичжээ. 1790 онд дэлхий дээр анх удаа бие хуваагдах сэтгэцийн эмгэг гэх өвчин бүртгэгдсэн бөгөөд ихэнхдээ насанд хүрсэн эмэгтэйчүүдэд тохиолддог ажээ. Ийм өвчин гол дүр Хандмаад тусна. Энэ өвчин нь өөрийн хяналтгүйгээр төсөөллийн нэг дүрд гэнэт орж гардагаараа түгээмэл сэтгэцийн өвчнүүдээс ялгаатай. Зохиолыг эрэл хайгуул, судалгаа хийж сонирхолтой өнцгөөс нь бичсэн.

Найруулагч:

Өмнөх бүтээл бүхэнд нь үзэгчид ам сайтай байдаг ид өсөж яваа залуу жүжигчин, найруулагч Д.Галбаяр нь Ерөнхий найруулагчаар сонгогдон ажиллажээ. Тэр “Намрын синдром”, “Хайрын рекорд”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч” гээд инээдмийн төрлийн киногоор туршлагажиж байгаа. Энэ 6 дахь кино нь найруулагчийн хувьд өмнө нь хийж байгаагүй тэс өөр төрөл жанр. Драмын жүжгийг дүрсжүүлсэн үү, сэтгэхүйн аймшиг уу гэмээр найруулагчийн содон шийдлүүд киноны турш мэдрэгдэнэ.


Киноны товч агуулга:

Дунд сургуулийн охин Хандмаа анхны хайрыг мэдэрч буй өсвөр насандаа золгүй явдлын гэрч болж сэтгэл санааны гүн цочролд орсоноос өөрийгөө буруутган шаналж явсаар дээрх өвчнөөр өвчилсөн. Тэр үед найз нөхөд, гэр бүл нь түүнтэй ойр байгаагүй, хожим хүний гэргий, хоёр хүүгийн ээж болсон ч ганцаардсан хэвээрээ. Томоохон группийн эзэн бизнесмен нөхөр нь түүнийг эмчлэх аргуудыг эрэлхийлэх боловч ажилдаа зарцуулах их цаг зав, ээжийнхээ өвчнөөс нэрэлхэх хоёр хүүгийн хандлага Хандмааг улам ганцаардуулна. Энэ үед Хандмаагийн сэтгэлд өөрийнх нь таагүй дурсамж л хамгийн ойрын хань байж. Энэ шалтгаан нь өвчнийг улам хүндрүүлж байгаа логикийг харуулав. Өнөөдрийн нийгмийн нэг давхарга, элдэв хов жив хөөдөг, атаархуу эмэгтэйчүүд хэзээ ч өсөн дэвждэггүй болохыг жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын тоглосон үйлчлэгчдийн дүрээс харагдаж байв.

Алтангинж: -Надад одоо мөнгө чинь хамаагүй, би түүнийг эрүүл болгомоор байна гэх шийдвэр нь хүн чанар, хүний зүрх сэтгэл мөнгийг ялан дийлж байгаа амьдралын нандин агууламжийг уран тусгажээ энэ кинонд. Алтангинжийн найз бүсгүйн дүрийг ард түмний хөөрхөн Хулан урлав. Хайртай хүнийхээ хүсэл тэмүүллийг ойлгон дэмжиж: -“Хүслээр нь байлгах хэрэгтэй”... гэх түүний фиолсофи Алтангинжээр дамжин үзэгч таны зүрхэнд бууна. Багахан хэсэгт энэ дүр тэсрэлттэй танигдана.

Хандмаагийн өвчнийг мөнгө шийдсэнгүй. 3 дахь этгээд буюу Алтангинж бас шийдсэнгүй. Гэр бүл нь аймшигт өвчнийг ялан дийлэх байх гэсэн үзэгчийн сүүлчийн найдлагаар хэрхэн тоглох шийдлүүдийг үзэгч та өөрөө үзэж тайллыг олоорой.


Бусад:

Аймшгийн кино ч гэмээр огцом эргэлтүүд, драмын жүжиг ч билүү гэх эргэлзээг хөгжим, шүүм сайн дэмжсэн байна. Түүхэн кино биш учир зураг авалтын обектууд, зураач, зураглаачын ажилд би илүү зүйл бодсонгүй. Киноны өрнөл хэсэгт үзэгч таныг сэтгэлийн угаас үсний үзүүр хүртэл эзэмдэх амьдралын чухал баримтлал бас харагдана.


Хэлбэрийн шүүмж:

Хандмаагийн түгшүүрт харц, огцом үйлдэлүүдийн цаана орших нууцын үзүүрээс хөвөрдөх үзэгч таны сонирхлыг тасчин орж ирэх гэмт бүлэглэл толгойлогч Чөдөрийн харгислалууд энэ кинонд илүүдсэн. Эсрэг дүрийг тодотгож харуулах үйлдэлүүд хэлбэр нь ихдэдсэн мөртлөө дүрийнхээ мөн чанарыг суллав.

Италийн алдарт Роберто Бениньи найруулагчийн “Амьдрах сайхан” хэмээх дэлхийн шилдэг киног үзэгчид мэднэ. Еврейчүүдийг хорих лагерт бөөгнүүлэн устгаж, хүүхдүүдээр нь саван хийдэг байсан гашуун түүхээс сэдэвлэсэн бүтээл. Нэг ч хүүхдийг алгадалгүй, нэг ч хүүхдийн нүднээс ганц дусал нулимс гаргалгүйгээр тийм аймшигт түүхийг онцгой харуулсан. Гэхдээ үзэгчид уйлж үздэг. Түүнтэй адил хий гэж би хэлэх гэсэнгүй. Ер нь хэлбэр дүрсээр үзүүлэхээс илүүтэй уран бүтээлчид уг санаагаа илэрхийлэх ур ухаанаа хамгийн өндөр түвшинд ажиллуулах хэрэгтэй.

Муу дүрийг л тодотгохын тулд хүүхэд зовоосон, тарчлаасан, хүчирхийлсэн, харгислалыг Монгол киноноос хангалттай үзлээ. Дахиж хармааргүй байна.

Ер нь Чөдөрийн дүр киноны турш нэг ч харагдахгүй байсан ч болно. Чөдөрийг үзэгч өөрийнхөө төсөөллөөр бодох боломжийг олгох байж. Энэ зайнд харин Түшигийн дүр, хүүхдүүдийн сулбагар оролцоог идэвхижүүлж өгсөн бол энэ кинонд гэгээ нэмэх байсан.

Монгол геньтэй хүн бүхний бахархалын оройд байдаг Чингис хааны хөрөг, Монголын нууц товчоог уран бүтээлдээ ашиглахдаа мөн л ёс зүйг урдаа тавьсангүй. Чингис гэж цээжээ хий дэлдэгсдийн дунд тийм муу хүн байхыг үгүйсгэхгүй. Монголын нууц товчоог үр хүүхэддээ цээжлүүлдэг болох нь өнөөгийн төрт ёсны алсын бодлого байж болох. Нууц товчоонд дуртай хүн тийм болдог юм боловуу гэсэн буруу бодол нэг ч хүүхдийн санаанд төрөх ёсгүй. Дээр нь хувийн мөрдлөг, рекет, гэр бүлийн аз жаргалыг сүйрүүлдэг нууц амраг гэх мэт хууль зөрчсөн, ёс бус үйлдэлүүдийг ухамсарын цензургүй ямар тод сурталчилна вэ.

Уран бүтээл хэдийгээр хязгааргүй сэтгэлгээ ч урлаг өөрөө үзэгчдээ дагуулан ёс суртахууны зүг уухайлан мордох нийгмийн түүчээ байх ёстой.

Холливуудын найруулагчид банкыг мянган янзаар дээрэмдэж болох санааг кинондоо үзүүлдэг ч дээрэмчид заавал баригдаж төгсдөг дөө уг нь. Хэдийгээр кино ч гэлээ Чөдөр хүссэн мөнгөө аваад, зорилгоо биелүүлээд арилах биш, хуулийн хариуцлага хүлээж буй агуулга цухалзсан бол санаа амрах байлаа. Монголын киночид л зовлонт драмыг уралдан урлаж үзэгчдээ дарамтлах юм!

Мөн хараалын үг хэллэг нь хэт олон. Өнөөдөр нийгэмд энгийн шахуу хэллэг болтолоо хэвшиж буй “Барьж идэхнээ п... чинь” гэх үгийг фейсбүүкд оруулсанаар Ар Хударга киног өндөр ашиг олсон шалтгаан болсон гэж зарим киночид ярьдаг. Тэр бол нийгмийн өнгийг л тольдсон жижиг үзэгдэл байсан юм. Тэгэхээр энэ өнгийг дагах биш харин үзэгчээ өөдөө хөтөлж, өөр гэгээн өнгийг харуулах нь бүтээл туурвиж яваа хүний баруун гар дахь бамбар нь байх учиртай.

Үүнийг бичиж суухдаа уг продакшны өмнөх бүтээлүүд болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” кинонуудын трейллэрийг нэг дор үзээд Хувьсал продакшинд дээрх үгийг хашгирч хэлэн үсдэж сэрээмээр санагдлаа. Та бүхний кинонд дуртай өнөөдрийн хэсэг бүлэг үзэгчдээс гадна сэтгэгчид бас сайхан кино үзэх эрхтэй!


Жүжигчид:

Хандмаа: Үзэгчдийг гарцаагүй уулга алдуулан бишрүүлэх нэгэн зүйл бол гол дүрд тоглосон жүжигчин У.Уранчимэгийн ур чадвар, гоо үзэсгэлэн, галбирлаг бие. Тэр нэг л дүрээр гэрийн сайхан эзэгтэй, сээтэгнүүр хүүхэн, ганцаардаж шаналсан эмэгтэй, галзуурсан рок, сахиусан тэнгэр болж хувирна. Жүжигчин хүн ийм л байх ёстой гэсэн босгыг тэр тогтоож байна. Энэ бүх дүрүүдийн шилжилт, хувиралтыг шимтэж үзэхдээ та түүнийг Монголын Анжелина Жоли хэмээн бодвол би тантай санал нэг байгаа.

Түшиг: Жаахан хөлдүү хэсгийг нь эс тооцвол бүсгүйчүүдийн нүдээр гэрийн эзэн, эр нөхөр ийм л байвал гэх мөрөөдлийн шинжүүдийг агуулсан төгс ханийн дүр энэ зохиолд цухалзана. -Би өөртөө амласан. Чамайг орхихгүй... гэж хэлээд эхнэрийнхээ хөлийн шархыг үнсэх нь үзэгч миний сэтгэлийн шархыг ч үнсэх мэт. Киноны оргил хэсэгт хайртай хүн нь өөр хүнийг хүсэмжлэн, явуулахгүй гээд араас нь тэврээд уйлж байхад Түшиг бороонд шалба норон харж суух нь энэ дүрийг ямар хүн болохыг тодоос, тод харагдуулахаар. Заримдаа тэмцэх биш, тэсэх ёстой үе байдаг юм шүү хэмээн хөвгүүддээ өгүүлэх ухааны дээд эцэг хүний дүрд Жүжигчин Ц.Цэрэнболд чадварлаг тоглосон байна. Гэхдээ чадварлаг тоглосон гэдэг нь яг тохирсон гэсэн үг биш. Манайд дүр сонголтыг харагдах байдлаас нь шууд сонгох хандлага түгээмэл учраас Монголын киночид Ц.Цэрэнболдын хөмсгийг зангидуулсаар, сүр хүчит төрхөөр нь мөнхөлчихөж байгаа юм. Энэ жүжигчин өнөөдөр өөрийн авъяас билэг, ур чадвараараа бүтээх онцгой дүрүүдийнхээ 1 хувь дотор л эргэлдэж байгаа нь харамсалтай. Навчаа гэдэг жүжигчин кино болгон дээр нэг л дүрээр харагддагтай адил Цэгмидийн Цэрэнболдыг эндээ үлдчих вий хэмээн харуусах. Энэ бол манай кино урлагийн нэг гажуудал. Төгс хань бол гүндүүгүй, ханагар сайхан залуу байхаас илүү ухаан юм. Ийм ухаан ямар ч хүний дотор байж болно. Дээр дурьдсан Италийн “Амьдрах сайхан” киноны еврэй эцэг, сайн ханийн дүртэй харьцуулж болохоор бичигдсэн тийм амьд дүр Түшиг. Магадгүй энэ дүрд жүжигчин Д.Отгонбатыг тоглуулсан бол Түшиг үзэгчдийн харцанд биш зүрхэнд мөнхрөх байв.

Чөдөрийн дүр. Залуу жүжигчин О.Мөнхдалайг сонгосон нь буруу сонголт. Энэ дүр харагдах өнцгөөсөө чухал биш. Д.Бямбацогт, С.Ариунбямба нарын нэгийг тоглуулсан бол...

Бүүвэйн дуугаар эхэлсэн энэ кино үзэгч таныг инээлгэж, уйлуулж, гайхшируулж бас айдас төрүүлсээр бүүвэйн дуугаар төгсөв. Бүүвэйн дуугаар эхэлдэг хүмүүний амьдрал бүүвэйлэгдэн төгсөх хүртэлээ аз жаргал, зовлон бэрхшээлийг аль алиныг нь үздэгтэй адил. Энэ кино тэгээд сайн кино болсон уу гэж надаас асуувал би үгүй гэж хариулна. Харин таны үзэх хэрэгтэй кино болжээ.

Хандмаа эр нөхөртөө хандан: -Юу ч боллоо гэсэн би чамдаа л хайртай шүү гэж цөхөрсөн сэтгэлийнхээ үгийг хэлж буй нь түүний жинхэнэ өөрөөрөө байгаа үе. Тэр уг нь тийм л хүн. Өөрөө хүсэхгүй байхад өөрийн мэдэлгүй гаргаж буй хувь хүний үйлдэлүүд нь бие хуваагдах сэтгэцийн эмгэг юм. Ийм өвчин Монголд бүртгэгдсэн тохиолдол үгүй. Харин өнөөгийн нийгэмд түгээмэл буй, мэдсээр байж бурууг үйлдэгч нүгэлтнүүдийн бие хуваагдах өвчлөл нь сэтгэцийнх бус ёс суртахууных. Энэ мэт зүйлийг тархинд өгүүлэх бүтээл бол “Миний нууц” МУСК. Амьдралын үнэ цэнийг ийнхүү тэнцүүлж харуулах энэхүү киноны агуулгад нууц байгаагүй. Гагцхүү та агуулгыг нүдээрээ биш зүрхээрээ мэдэрч үз. Чиний амьдралд нууц гэж байхгүй.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [213.114.160.43]   4-р сарын 20, 2017
Uzsen met bolloo , shuumj mash ih taalagdlaa, daraa daraagiin kino shuumjiig chn tesen yadan huleey
Зочин
Зочин    [93.91.80.7]   4-р сарын 20, 2017
Shuumj mash ih taalagdlaa. Ingej l bichih heregtei. Sain ajiglaltuud jiisen baina. Amjilt husie. Daraagiin shuumjiig chini huleeye.
Зочин
Зочин    [202.9.41.191]   4-р сарын 20, 2017
гоё шүү. аливаа зүйлд үнэн шүүмж хэрэгтэй
Зочин
Зочин    [203.91.115.37]   4-р сарын 20, 2017
jil bur huvisaliin kinog uzdeg yg minii tursun uduruur garch taardag uchiras odoo ghedee shinchileel hiihne bolson bh ygal negen heviin baidald bgad bna ahist alga uridnii kinuudataina haritsulaad uzhed ih tustui bgad uram hugarsan shuu
Зочин
Зочин    [77.218.252.15]   4-р сарын 20, 2017
Шүүмж маш их таалагдлаа. Харьцуулалт хийн гаргалгаа хийсэн нь бүүр сайн ойлгогдож байна.
Зочин
Зочин    [202.179.31.74]   4-р сарын 21, 2017
Мундаг юмаа.
Зочин
Зочин    [202.179.26.116]   4-р сарын 21, 2017
мундаг юм аааааа таалагдлаа. яаг л хэлсэн байна үзсэн юм шиг л боллоо
Зочин
Зочин    [202.9.43.93]   5-р сарын 25, 2017
"Үзсэн юм шиг боллоо" гэхээр үзээгүй байх нь. Тэгсэн хэрнээ "Яг л хэлсэн байна" гэхээр ягийг нь яаж мэдээд байгаан бол? хаха
Зочин
Зочин